БАЯНХОНГОР: Эрдэнэцогт сумын түүхт 100 жилийн ойн баяр наадамд аав хүү хоёр түрүүллээ

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын түүхт 100 жилийн ойн баяр наадамд аав хүү хоёр түрүүлжээ.

Тодруулбал, Эрдэнэцогт сумын 100 жилийн тэгш ойн баяр наадмын улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Цэргийн арслан Г.Жамбалдорж түрүүлж, түүний хүү Ж.Дарханбаатар өсвөрийн бөхийн барилдаанд түрүүлсэн байна.

Цэргийн арслан Г.Жамбалдорж Ардын хувьсгалын 102 жилийн ойн их баяр наадамд тавын даваанд Улсын арслан Ц.Содномдоржид өвдөг шороодсон. Барилдааны дараа түүний хүү аавыгаа улсын цолтон болж чадаагүйд харамсан уйлж, хүүгээ аргадахдаа Г.Жамбалдорж өөрөө ч нулимс дуслуулж байсан нь цахим орчинд бичлэг болон үлдэж, олон хандалт авсан байдаг. Аав, хүү хоёрыг ирэх наадмуудад бахдам амжилт гаргана гэсэн хүлээлт, олны ерөөлөөр ийнхүү нутгийнхаа наадмыг өнгөлж, чимэг нь болов.

Хангайн нурууны салбар уулсын өвөр Хөл сая, Тонгоргын даваа, Тагийн овоо, Баянзүрх хайрхан, Өвгөн Жаргалант зэрэг өндөр уулсын бүс, Шаргалжуут, Түйн тунгалаг уст гол, рашаан булгийн нутаг, эрдэмтэн мэргэд, алдартны өлгий болсон Эрдэнэцогтынхон сум байгуулагдсаны 100 жилийн түүхт ойгоо энэ сарын 21-23-нд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Эрдэнэцогт бол Халхын Сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошуу, 1923 оноос Цэцэрлэг мандлын аймгийн Түйн голын хошуу хэмээн нэрлэгдэж байсан түүхэн нутаг юм. Улмаар 1931-1934 онд Өвөрхангай аймагт, 1934-1941 онд Архангай аймагт харьяалагдаж, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр Баянхонгор аймгийг шинээр байгуулахад 16 сумынх нь нэг болсон түүхтэй.

Тус сум 2022 оны эцсийн байдлаар 1322 өрхийн 4400 гаруй хүн амтай, 180.6 мянган малтай, арван хоёр жилийн ахлах сургууль, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, банкны салбар, бусад үйлчилгээний газруудтай, төвийн эрчим хүчний системд холбогдсон томоохон сум суурин болон хөгжиж байна.Эх сурвалж: Montsame.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *