Наадмын “талбайгаа” шинэчилье

 

Эрүүл явбал улсын наадам үзнэ гэж их зохиолч Д.Нацагдорж 1935 онд шүлэглэжээ. Эрүүл явах нь үнэхээр хүмүүний бүх амжилтын үндэс байдаг бол бүрэн эрхт тусгаар төр улсынхаа наадмыг үзэх нь Монголчууд бидний баяр цэнгэлийн оргил нь билээ.
Зуны дэлгэр цаг ойртохын хэрээр хүн бүрийн сэтгэлд Монгол наадмаа хүсэн хүлээсэн, сайн сайхныг далласан мэдрэмж төрсөөр баяртайгаа золгодог. Наадам дөхөхийн хэрээр наадамлах гол талбай болсон төв цэнгэлдэх хүрээлэнгээ засах тухай болон засаж байгаа тухай улиг болсон мэдээ хэвлэлийн хуудас, дэлгэцнээ байраа баттай эзэлдэг.

Харамсалтай нь ийм мэдээнүүд барилгад будаг шавар түрхэх төдий яриагаар хязгаарлагдаад тоо нь улам бүр өсөн нэмэгдэж буй наадамчдыгаа багтаах шинэ цэнгэлдэх хүрээлэн барих, тав тухыг хангах тухай сэдвийг огт хөндөхгүй орхидог. Тэгвэл өнөөдөр товчоор хэлбэл наадмынхаа талбайг шинэчлэх, өргөн утгаар нь хэлбэл наадамлах орчноо цаг үеийн шаардлагадаа нийцүүлэх нь нэгэнт тулгамдсан асуудал болчихоод байна.

Нийслэлийн шинэ удирдлага үүнийг харгалзан үзээд Хүй долоон худагт наадмын иж бүрэн цогцолбор барих зорилгоор “Монгол Наадам Цогцолбор” ОНӨҮГ –ыг 2013 оны 10 дугаар сард байгуулжээ. Гэвч одоо байгаа төв цэнгэлдэх хүрээлэнгээ өргөтгөх үү, эсвэл Хүй долоон худагт шинэ цэнгэлдэх хүрээлэн барих уу? гэсэн шийдэхэд амаргүй хоёр асуултууд гарчээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгээ засаж өргөтгөх гэхээр нэгдүгээрт 51 хувь нь хувийн өмчид очсон тул хөрөнгө мөнгөний асуудлаас гадна эргэн тойронд нь орон сууцны барилга шавааралдуулж барьсаар өргөтгөх байтугай машин тавих зогсоол барих газаргүй болгочихжээ. Одоо байгаа суудлыг нь нэмэхийн тулд дээш нь өндөрсгөх хэрэгтэй, үүний тулд үндсэн сууриа гадагш нь тэлэх шаардлагатай гэнэ. Өнгөрсөн жилийн наадмаар төв цэнгэлдэх хүрээлэн орох гэсэн наадамчид машинаа Дүнжингарав захын өмнө тавьж байсныг бид мэднэ.

Өнгөрсөн зууны 1958 онд 15 мянган хүн суух багтаамжтай төв цэнгэлдэх хүрээлэнгээ барьж ашиглалтад оруулахад нийслэлийн хүн ам 100 мянга хүрэхгүй байжээ. Нэгдэлжих хөдөлгөөн нэрийн доор 1958-59 онд ард иргэдийнхээ малыг хуу хурааж амьжиргаанаас нь салгаснаас хойш нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж 1960 онд 100 мянгад хүрсэн байна. Ардчилсан хувьсгалын үр дүнд Монголчууд амьдран суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй болсноор 1990 онд 500 мянга орчим байсан нийслэлийн хүм ам 2000 он гэхэд үүний 50 хувиас илүүтэй өсөж 774 мянгад хүрсэн бол 2003 онд шилжин ирэгсдийн бүртгэлийн хураамжийг цуцалсанаар хот уруу чиглэсэн нүүдэл огцом өсөж 2013 оны эцэс гэхэд 1 сая 318 мянгад хүрчээ.

Жил бүр 30 мянган хүн нийслэлд шилжин суурьшиж байна гэдэг. Үүнийг өөрийнх нь өсөлт дээр нэмж тооцвол арван жилийн дараа 2 саяд дөхнө. Хүмүүс одоо ч гэсэн нүүдлийн хоцрогдсон ахуй орчноосоо зугатан дайжиж хотын соёл, тав тухтай амьдралыг зорих болсон нь илт байна. Нийслэлийн статистикийн байгууллагаас гаргасан тооцоогоор бол эх орондоо олимпийн наадам зохион байгуулах том зорилт тавьсан 2040 он гэхэд өнөөгийн хүн ам нь хоёр дахин өсч 2, 6 саяд хүрэх төлөвтэй байна.

Ингэхээр Хүй долоон худагт шинэ цэнгэлдэх хүрээлэн барих нь цаг үеийнхээ шаардлагад нийцсэн зөв шийдэл юм. Ирээдүйн том зорилтод ч нийцнэ. Гагцхүү хөрөнгө мөнгөний бэрхшээл тулгарч болох юм. Тэгвэл нэг мөсөн бүтнээр нь барилгүй үндсэн дөрвөн хэсэг тус бүрийг нь дэс дараалан цувуулж барьдаг, дараа нь өргөтгөдөг олон улсын арга туршлага байна.

Сүүлийн үеийн цэнгэлдэх хүрээлэнгийн стандартуудыг судалж үзэхэд үзэгчдийнхээ тав тух, аюулгүй байдалд гол анхаарлаа хандуулж байна. Цэнгэлдэх хүрээлэнгийнхээ төв буюу баруун хэсэгт нь ВИП өрөө, удирдлагын орох хаалга зэргээс гадна эмнэлгийн тусламж үзүүлэх өрөө, хувцас солих өрөөнүүд, хэвлэлийнхний өрөө, техникийн өрөө, цайны газрууд, бие засах газрууд байдаг ажээ. Үлдсэн зүүн, урд, хойд гэсэн гурван хэсэг тус бүрт нь зөвхөн цайны газар, бие засах газруудыг хүрэлцээтэй хэмжээгээр байрлуулдаг байна.

Юм үзэж суугаа хүн мэдээжийн хэрэг цангана, өлсөнө тэгэхээр цайны газар хүрэлцээтэй байх учиртай. Цай ууж юм идсэн хүн бие засна, тиймээс бие засах газар нь мөн адил хангалттай байх учиртай. Үүн дээр хурц нар, борооноос хамгаалах дээвэр нэмэгдэнэ.

Одоо манай төв цэнгэлдэхийн гадаах хэдэн жорлон болон Хүй долоон худагт байрлуулдаг вогоончигууд бол эрүүл ахуйн шаардлага хангахгүй нь дэндүү илэрхий байдаг. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаах жорлонгуудад оочерлоод хавчигнан зогсож буй наадамчдыг бид үзэж харахаараа нэг болдог. Хүй долоон худагт мөн адил хэдэн вогоончиг жорлонгийн дэргэд яг ийм дүр зураг харж болно. Өнгөрсөн жил үүнийг бичигч Хүй долоон худагт өөрөө хэдэн удаа удаан оочерлосноос гадна гадаадынхан вогоончигт оочерлоод барзайчихсан зогсож байхыг үзээд улс орныхоо өмнөөс нүүр улайж л явлаа.

Хоол цайны тухайд бол бид өөрсдөө тостой хуушуураа тоостой орчиндоо идээд, сүүтэй цайгаа уугаад явж болно. Наадам үзэхээр ирсэн гадаадын жуулчдаа үл тоомсорлохоо болимоор байна. Монгол наадам бол гадаадынхны үзэхээр зорьж ирдэг манай ганц гол үйл явдал. Тэднийг зөвхөн гар хийцийн сувенир худалдан авагчид гэж үздэг, зуны ганц ээлжийн амаралтаа зөвхөн эсгий гэрт өнгөрөөх сонирхолтой хүмүүс гэж үздэг өрөөсгөл ойлголтоосоо салмаар санагддаг. Тэд ч бас бидэнтэй адил өөрийнхөө үндэсний хоол цайгаа идэж ууж сайхан амрах хүсэл сонирхолтой хүмүүс.

Монголчууд бид ардчиллын буянаар бишгүй гадаадад явж юм үзэж нүд тайлж байна. Одоо тэнд ямар байдгийг мэдэх болсон, тэрнээс дутахааргүй орчныг нь Хүй долоон худагтаа бий болгосноор гадаадын жуулчдад сайхан сэтгэгдэл үлдээдэг газартай болно.

Ойрын ирээдүйд наадмын бүх арга хэмжээ Хүй долоон худагт байгуулагдсан Монгол наадам цогцолборт төвлөрөх нь дамжиггүй. Нийслэлийн хүн амын өсөлт, барилгажилт, замын түгжрэл, соёлоо сурталчлах, аялал жуулчлал хөгжүүлэх хэрэгцээ шаардлага зэрэг нь үүнээс өөр арга зам үгүйг бэлээхнээ нотолж байна. Уламжлал заншлаа бодсон ч тэр, газар нутгаа бодсон ч тэр, хэзээ Монголчууд шавааралдсан байшингуудын дунд шахалдан наадамлаж байлаа.

Энэ юу гэсэн үг вэ гэхээр цэнгэлдэх хүрээлэнгээс гадна морин уралдааны замаа морь унадаг бяцхан хүүхдүүдэд аюулгүй болгож тохижуулах, элдэв нүх, уруй, хотгор гүдгэрийг нь байнга шалгаж засаж байх, шинээр сур харвах асар байгуулах, нэмж шагай харвалт зэрэг үндэсний бусад уламжлалт тэмцээн явуулахад зориулсан байр сав барих зэрэг ажлууд хийнэ гэсэн үг. Үүнийг зөвхөн төсвийн хөрөнгөөр хийх боломжгүй. Ийм хариуцлага үүрч, үйлчилгээ үзүүлснийхээ төлөө төлбөр авах нь зах зээлийн эдийн засгийн жам ёсны харилцаа юм. Дээр нь жилийн дөрвөн улиралд цогцолбороо хүнтэй байлгах шаардлага гарна. Тав тухтай тохилог сайхан орчин бүрдүүлчих юм бол хүний хөл тасрахгүй.

1989 онд Английн Хилсбороу хотын цэнгэлдэх хүрээлэн тэмцээний үеэр нурж 96 хүн амиа алдсан эмгэнэлт явдлын 25 жилийг хэдхэн хоногийн өмнө дурслаа. Энэ нь тав тухаас гадна аюулгүй байдлаа хангахад хэзээ ч анхаарлаа сулруулж болохгүйг дахин санууллаа.

Монгол наадам цогцолбор ОНӨҮГ-ын өмнө Хүй долоон худгийн тэнүүн хөндийд дэнж хотойтол наадамлах шинэ “талбайгаа” байгуулаад зогсохгүй нийслэлчүүд гэр бүлээрээ амарч эрүүл мэндэдээ хөрөнгө оруулдаг, нийтийн биеийн тамираар болон өвлийн спортын төрлүүдээр хичээллэдэг, тамирчид бэлтгэлээ базаадаг томоохон төв болгох том зорилтын хамт гэгээтэй сайхан ирээдүй харагдаж байна.

С.Амарсанаа

http://www.eagle.mn/content/read/16924.htm

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *