“The Diplomat”: Монгол наадам илүү олон улсын чанартай болж байна

“The Diplomat”-д нийтлэгдсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Жил бүрийн зун буюу долдугаар сарын 11-15-нд монголчууд үндэснийхээ хувцас, дээл хувцсаа өмсөж, гэр бүл, найз нөхдөөрөө нэгдэж, баяр наадмаа тэмдэглэдэг. Сүүлийн 10 жилд Монгол Улсын Үндэсний их баяр наадам өргөжин тэлж, олон улсын чанартай болж байна. Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёл, өв уламжлал, ёс заншлаа илэрхийлдэг уламжлалтай. Монгол Улсын 21 аймаг тус бүр өөрийн гэсэн баяр наадмыг зохион байгуулдаг. Үндэсний их баяр наадмын нээлт нийслэл Улаанбаатар хотынхоо өв цэнгэлдэх хүрээлэнд болдог. Жил бүрийн зун Чингис хааны Есөн хөлт цагаан туг мандаж, дэлхий даяарх монголчуудыг нэгтгэж, Монгол Улс түүхээ, тэр дундаа орчин цагийн хувьсгалыг тэмдэглэдэг.

Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд 1500 гаруй зураач, дуучин, бүжигчин, урлаачид, нутаг нутгийн олон авьяастан багтдаг. Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин “Ирээдүйн хэтийн төлөв, нүүдэлчдийн үнэт өв, түүх, соёл, эв нэгдэл, хүн ба байгаль хоёрын эв найрамдалтай уялдаа холбоог харуулсан нээлтийн ёслол амжилттай боллоо. Зөвхөн бэлтгэл ажлын хүрээнд 79 соёл, урлагийн байгууллагын 4000 гаруй мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, салбарын ажилтан, албан хаагчид хамтран ажилласан” гэв.

АНУ-аас Монгол Улсад шинээр томилогдсон Элчин сайд Ричард Буанган наадмыг талаар “Эдгээр хэдэн өдөр үнэхээр гайхалтай байлаа” гэв. Наадмын үеэр үндэсний бөх, сур харваа, хурдан морины уралдаан, шагайн харваа зэрэг уламжлалт спортын төрөл бүрээр уралдаан тэмцээн зохион байгуулж, тусгай цол, одон, медалиар шагнадаг. Мөн энэ жилийн наадмын хүрээнд “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн, “Дээлтэй Монгол” наадам, “Монголын сайхан бүсгүй” уран зургийн үзэсгэлэн, олон нийтийн цэнгүүн, Ерөнхийлөгчийн хүндэтгэлийн арга хэмжээ, Соёлын их наадам зэрэг дотоодын олон төрлийн үйл ажиллагааг хамарсан юм.

Наадам нь Монгол Улс түүх, ололт амжилтаа тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ орчин үеийн Монгол орныг олон улсын тавцанд улсаа таниулах нэг хэлбэр юм. Улаанбаатар эдийн засгаа төрөлжүүлэх нэг гарц боломж нь жуулчлалын салбараас олох орлогыг нэмэгдүүдэх юм. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласан. 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлж буй. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд наадам нь тухайн орны соёл, уламжлалыг харуулахын зэрэгцээ орон нутгийн бизнес эрхлэгчид, аялал жуулчлалын агентлагуудад боломж олгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Наадмыг амжилттай зохион байгуулж байгаа нь эргээд Монгол Улсыг олон улсын хэмжээнд жил ирэх тусам улам их ач холбогдолтой болгож байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд монгол наадам нь жуулчид, судлаачид, монгол сонирхогчдын сонирхлыг татдаг соёлын томоохон арга хэмжээний нэг болоод байна. Эдгээр хүчин чармайлт нь Засгийн газар, хувийн хэвшил, дэлхийн хамтын нийгэмлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн. Монголчууд өөр өөр тивд нүүдэллэхийн хэрээр дэлхийн өнцөг булан бүрт монгол нийгэмлэгүүд бий болсон нь монгол ёс заншил, соёлын үйл ажиллагаа, үндэсний их баяр наадам, сар шинийн баяр зэрэг үндэсний баяр наадмыг хадгалахад тустай.

Их Британи, Европ, Австрали, Канад, АНУ-ын монгол нийгэмлэгүүд жил бүр баяр наадмыг идэвхтэй тэмдэглэдэг. Монгол Улс хөгжингүй ардчилсан нийгэмд шилжихийн тулд соёл, өв уламжлалаа мөн чанараа алдалгүйгээр шинэчлэх ёстой. Наадам ч гэсэн шинэчлэгдэж, соёлын дэлгэрч олон улсын түвшинд хүчээ авч байна. Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2010 онд наадмыг бүртгэсэн.

Наадмаар нүүдэлчдийн соёл иргэншил, язгуур урлаг, гар урлал, бүжгийг харуулах нь орчин үеийн Монгол Улсыг олон улсын түвшинд хүргэх арга зам гэж үздэг. Нөгөөтэйгүүр, Монгол Улс ч гэсэн уламжлалт соёлоо монгол бус хүмүүст илүү хүртээмжтэй болгохыг зорьж байна.

Соёлын яам музей, номын сан зэрэг харьяа байгууллагуудаар дамжуулан гадаадын иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, соёлын тусгай хөтөлбөрүүдийн хүрээнд “Монгол хаан” жүжгийг англи хэл дээр тоглосон нь жуулчдын дунд ихээхэн алдаршсан. Аялал жуулчлалын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах үүднээс театр, музейнүүд амралтгүй ажиллаж байна. Энэ жил баяр наадмаас гадна аймгууд 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд гадаад, дотоодын жуулчдад зориулан Монголын хөдөө орон нутагт найр наадам дүүрэн байх нь ээ. Саяхан Британийн нэрт жүжигчин Кристиан Бэйлийг Монголд аялсан нь тус улс аялал жуулчлалын томоохон газар болж байгааг илтгэж байна.Эх сурвалж: Itoin.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *