СУР ХАРВААНЫ ТҮҮХЭЭС

Эрийн гурван наадмын сурын харваа нь эртний уламжлалтай. Нум сумаа улам боловсронгуй болгох, хол зайд цэцэн мэргэнээ үзэх харваачийн эрдэм чадлыг дээшлүүлж, ан гөрөөнөөс их олз олохыг эрмэлзэх, ан гөрөөний олзыг ёслон тэмдэглэх зан үйлийн ёслол, агнуурын дараах бүжиг, наадмын үед цэцэн мэргэн харваачдаа нум сум харвуулан цэнгүүлэх заншлаас үүссэн гэж үздэг. Сур харвааны хамгийн эртний хэлбэр нь аль болох хол зайд бай шавыг цэцэн мэргэн оноход чиглэгдсэн зэв нүүлгэх тэмцээн байжээ. Зэв нүүлгэх гэж нэрлэсний учир нь болцуут сум арай хожуу үүссэн учраас эрт үед зэвт сум ихэвчлэн хэрэглэдэг байсантай холбоотой аж. Энэ тэмцээнийг оролцогсдын тоог харгалзахгүйгээр явуулдаг байсан ба хэн хэчнээн сумыг хол харваснаар шалгаруулдаг байжээ. Онон голын орчим Нэрч гэдэг газраас олдсон Чингисийн чулууны бичигт: – “Буха сочихай гэдэг газар Хамаг Монгол Улсын ард олон хуран цэнгэх үед Чингисийн ач хүү Есүнхэ гучин таван алд газар сум харвасан тухай өгүүлсэн нь зэв нүүлгэх харвааны хамгийн хол зайг тэмдэглэсэн баримт” бичиг юм. Хожим XX зууны шувтарга үед Монголын дорнод нутгийн харваачид өөрсдийн явуулдаг нэгэн зүйл тэмцээнээ “зэв нүүлгэх” гэж нэрлэдэг болжээ. Нум сумын харвуул тэмцээн нь олон зууныг дамжин уламжлагдахдаа арьсан бөмбөгийг модонд цувруулан өлгөөд морины хурдаар давхих зууртаа бөмбөг бүрийг алдалгүй онох журамтай бөмбөг намнах, хонины арьс, үхрийн шир модонд тэлж татаад дөчин нумын газраас эр нэг бүрийг хорин СУР ХАРВААНЫ ТҮҮХЭЭС сум цуваа харвуулан оноог тооцон шалгаруулдаг сарампай харвах, хонины найман нэхийг зүүж голд нь хүний дүрс зураад дөрвөлжин модонд тэлж “дайсан” хэмээн нэрлэж дов толгойн ар, гуу жалга зэрэг далд газарт дөчин алд газраас хорин сум харвуулж илүү оносон нь түрүүлдэг “далдын дайсан” харвах нэрээр их түгэн дэлгэрсэн байдаг. Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 метр орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуут сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорилцоно. Ингэхдээ хүн нэг бүрийн цуваа байдлаар, эсвэл багийн гэсэн хэлбэрээр зохих журмыг баримтлан тодорхой тооны сумыг харвадаг. Туульд баатар эр нум сум харвахдаа шившлэгийн тусгай үг хэлдэг тухай дурдсан байдаг. Сур харвах үед уухайлдаг ёс байдаг. Энэ нь сур харвахад урьж уриалсан уухай, байгаа оносон баярын уухай, угтан авсан самбарын уухай гэх гурван янзын аялгуутай бөгөөд эдгээрийг нэгэн удаад гурав гурван удаа эгшиглүүлдэг байна. Эрт дээр үеэр сурын харваанд шалгарсан хүмүүст цол чимэг олгодог байсан байна. Тухайлбал наадамд сур сайн харвасан хүмүүст маш гайхамшигт мэргэн, хичээнгүй зоригт мэргэн, улам нэмэх хурц мэргэн, нягт идэр хурц мэргэн, өрнөн дэлгэрэх идэр мэргэн, чин итгэлт хэтэрхий мэргэн зэрэг цолыг олгож байжээ.

“Монголын үндэсний биет бус соёлын өв” ном.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *