Сэхүүний хөндийд зуны эхэн сарын салхи зүүн урьдаасаа өдөр болгон уриж салхилав. Үүлгүй тэнгэрт цахилгаан цахиж, алсад тэнгэрийн дуу дуулдах болов. Ламаахай нар орхимжоороо бяцхан дарцаг хийж гудамжаар гүйлдэцгээн хүрээ хийдийг үймүүлнэ. Байгаль цаг уурын энэ жигтэй байдлыг түмэн газрыг шинжсэн
их шинжээч хэдэн өдөр гадаа зогсон ажиглав. Өргөө хотыг нүүлгэхгүй бол аюул дэгдэж магад гэсэн цуу яриа зүүн урьдаас салхилсан салхины аясаар хөдөө хотгүй тархлаа. Шинжээчид зүг бүр тийшээ гарч хол замыг зорьцгоолоо. Хэд хоног салхилсан салхи тогтохын зэрэгцээ газар шинжихээр явсан шинжээчдийн түрүүч нь ирцгээв. Тамирын хөндийд л суурьшвал зүгээр гэх нэгэн байхад Сэхүүний хөндийдөө байх зөв гэцгээх нь ч байлаа. Баруун урагшаа явсан шинжээч түшмэл тун ууртайгаар ирснээ: ”Замд янзагатай шаргачин тааралдлаа. Сайн ажиглавал хүүхдээ дагуулсан
гуйлгачин” мэт харагдлаа гээд Баруун урагшаа яав ч зүглэж болохгүй гэлээ. Өргөө хот нүүх тухай цуу гарсан тул айл амьтан алсуураа нүүдэлд бэлдэж, ойролцоох газарт тэмээ мал олноор бэлчих болов. Хүй мандлын дэнж рүү явсан түшмэл хамгийн сүүлдэж ирлээ. Ямаан сахалтай, цонхигор царайтай хижээл насны эр тун их ярвайснаа ийн айлдав: Нар шингэхийн алдад олон адуу туусан өвгөнтөй тааралдлаа. Богд хааны өргөөг суурьшуулах газар эрж яваагаа хэлтэл, би Богдод бэлэг барих юмсан гэж адуучин өвгөн хариу хэллээ. Тэгсэнээ би харьчихаад ирье. Маргааш бага үдийн хэрд эндээ уулзъя гээд яваад өглөө. Гэртээ харихыг бодоход хөсөг тэргээр бэлэг авчрах биз гэлцээд болзсон цагт нь хүлээн байтал өвгөн ч ирэв. Өврөөсөө хадаг гаргаад миний хэлэх үгийг алдалгүй тэмдэглэж аваад Богд хаанд хүргүүл гээд шаардангуй дуугарлаа. Тэгснээ: “Би эзэн хаандаа Алтан мандарваа нэгийг бас Тасаршгүй мяндас, алтан тэвшийн хамт өргөн барьж байна” гээд хадгаа миний гар дээр тавилаа. Би ч чи хаанд бэлэг өгнө гэчихээд хоосон үгээр доог тохуу хийнэ гэнээ чамайг шийтгэнэ гэсэн чинь мань өвгөн алгуур тайвнаар мордоод явчихсан шүү гэж болсон явдлыг нэгд нэгэнгүй тоочлоо. Богд хаан энэ бүхнийг сонсож сууснаа мэргэн хүнийг дуудаж өвгөний учир битүү үгийг асуутал, мэргэн хүн алга хавсарч та бүгдийн эрсэн газрыг битүүхэн заасан үг байх. Тийм газрыг эрж олох болж дээ гэв. Шинжээчид эрж хайсаар яваад заасан газрыг нь олов. Алтан мандарваа гэдэг нь Богд уул, Тасаршгүй мяндас гэдэг нь Туул гол юмсанжээ. Энэ сайхан газарт Өргөө хотоо суурьшуулж, эрийн гурван наадам хийжээ. Даншиг наадмын хурдан морины уралдааныг Баянцагааны дэнжид Богд гэгээнтэн бараа бологчдын хамт үзэж байтал мянган хүлгийн тоос хүй долоон худгийн хөндийг бүрхжээ. Амьтан хүн яав ийв гэтэл их тоосыг хага зүсэн Жирмийн цагаан хөтөл дээгүүр дэлтэй шувуу мэт нэгэн хүлэг ганцаараа мэт хурдлан гарч ирсэн нь Богд гэгээнтэний алаг морь байсан гэдэг. Энэ цагаас эхлэн Хүй долоон худагт эрийн гурван наадам хийх болжээ. Алтан тэвшийн хөндий гэдэг нь Хүй долоо худаг юмсанж. Баянцагааны дэнж гэдэг нь одоогийн Богдын өндөр бөгөөд морины уралдаан үзэх хамгийн таатай газрын нэг юм. Цагаан хөтлийн зүүн талын толгойг Богдын өндөр гэж нэрлэдэг.
2018-11-21