ХҮРЭЭНИЙ АЙМГУУД

1651 онд анхдугаар Жибзундамба хутагт өргөөнийхөө зохион байгуулалтыг өөрчилж Төвдийн сүм хийдийн зохион байгуулалтыг авч аймгууд байгуулсан ба Хүрээний лам нарыг засаг захиргааны талаар аймаг болгон хуваажээ. Галдан туслагчийн Эрдэнийн эрх-д цагаагчин туулай жил хутагтын өргөөнд долоон аймаг байгуулж шашны суртлыг дэлгэрүүлэн нэвтрүүлэх болов гэсэн нь Амдуу, Жас, Сангаа, Зоогоо, Хүүхэн ноён, Дархан эмч, Өрлүүд аймаг юм. Улмаар 1755 онд аймгуудад өөрсдийн харьяаны лам нарыг албан ёсоор захирах эрхийг албан ёсоор баталсны тэмдэг болгож тамга олгосон байна.
Аймаг бүр тус тусын шүтээн ба түүндээ зориулсан дугантай байсан бөгөөд тэр дугандаа өдөр бүр хурал ном хурах ажээ.Аймгийн захиргаа нь тэргүүн лам, ловон лам, 2-4 гэсгүй, 2-4 унзад, нэг зайсан, няравтай байжээ. Аймгийн гэсгүй нь тэргүүн ламын нэгэн адил эрхтэй байсан бөгөөд аймгийн хэмжээний бүх асуудлыг шийдвэрлэж, лам нарын сахилга бат, банди нарыг дацан дуганы үйлчлэх ажил албанд хуваарилах өргөн эрх дархтай байв. Шинээр элссэн банди нар хувраг хүний сахил санваарт үнэнч байхаа цорж нарт тангарагладаг журамтай байв. Зөвхөн тангараг андгай өргөсний дараа банди нар цогчин хуралд оролцдог байв. Дараа нь аймгийн захиргаанаас банди нарыг шашны анхан шатны сургуульд сургахаар ахмад лам нарт шавь болгож өгнө. Банди нар багш ламаараа 15-20 нас хүртлээ түвд бичиг үсэг заалгаж, хурлын уншлага номыг цээжилдэг байсан байна. Үүний дараа аймгийн захиргаанаас банди нарыг тус хийдийн аль нэгэн дацанд томилон оруулж бурхны шашны философийн янз бүрийн системийг судлуулдаг шашны дунд сургуулийн 1-р анги – хадгийн зиндаанд хамруулна.Дацан нь тус хийдийн төв захиргаанд захирагдаж байв. Их Хүрээнд бүгд 12 дацан сургууль байжээ. Эдгээр дацан тус тусдаа захиргаа ба жастай байв. Дацанг шунлайв хэмээх захирал лам удирдаж байсан ба Дашчоймбил, Гунгаачойлин, Ядгаачойлин гурав дацан шунлайвтаж байжээ. Харин Жүд ба Дэчингалавын дацангын тэргүүн ламыг доржловон, үлдсэн долоон дацан тэргүүн лам удирдаж байсан ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *