“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас жил болгон “Айрагны баяр” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу “Айрагны баяр 2024” арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр буюу 9-р сарын 28-ны өдөр Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь Монголын уламжлалт исэг идээ айргийн соёл, ахуй, заншил, тоглоом наадгай, зан үйлийг залуу хойч үедээ таниулан сурталчлах, өвлүүлэх болон жуулчид сонирхогчдод толилуулах, жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэгч нарын үйл ажиллагааг сурталчлах, борлуулалтыг дэмжих зорилготой юм. Арга хэмжээний үеэр Сур харваа, Дэмбээ, Шагайн тэмцээн, Хэн сайн айраг уух вэ тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд нутаг нутгаас ирсан айрагнууд хамгийн сайхан айрагыг шалгарууллаа. Айрагны баяр арга хэмжээг Нийслэлийн Соёл урлагийн газар, Дашчойлин хийд, Монголын Үндэсний харваачдын холбоо, Монголын дугуйн холбоо, Хөнгөн атлетикийн холбоо, Монголын шагайн холбоо, Монголын морин спорт уяачдын холбоо зэрэг мэргэжлийн холбоодуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд мэдээллийн хамтрагчаар MNВ, NTV, телевиз, болон “Наланда театр” ХХК, “Жи Энтертэйнмент” ХХК ажилласан юм.
2024-09-30