Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадамд 512 бөх барилдсанаас зургаан улсын начин цолтон, хоёр улсын харцага цолтон, нэг улсын заан цолтон төрлөө.
Монгол улсын Начин цолны болзол хангасан бөхчүүд:
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат, “Таван хан” дэвжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 013 дугаар анги, Баатар дулаан хан ХХК-ийн бөх аймгийн арслан Д.Төрболд,
Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Хатант Интернэшнл ХХК, УСУГ-ын бөх аймгийн арслан Э.Мөнхжаргал,
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Их Монголын Хүчтэн” дэвжээ, “Алдар” спорт хороо, Нутгийн буян групп, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бөх аймгийн арслан Т.Довчинсэмбээ,
Ховд аймгийн Дөргөн сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, Бүрэн минж транс ХХК, УСУГ-ын бөх аймгийн арслан Г.Дармаажанцан,
Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 189 дүгээр анги, Алсын жим ХХК, Алтаргана Констракшн ХХК-ийн бөх аймгийн арслан Л.Энхсаруул,
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Завхан” дэмжээ, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, Кивико Интернэт ХХК-ийн бөх аймгийн арслан М.Амарсанаа нар улсын начин цолтон боллоо.
Монгол улсын Харцага цолны болзол хангасан бөхчүүд:
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, “Хантайшир” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Юү Би Ойл ХХК-ийн бөх аймгийн арслан Т.Сайханжаргал
Төв аймгийн Баянчандмань сумын харьяат “Дүнжингарав” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Урьхан ХХК, Мэжик Транс ХХК-ийн бөх улсын начин Э.Ууганбаяр улсын харцага цолын болзол хангасан.
Монгол улсын Заан цолны болзол хангасан бөхчүүд:
Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Нэгдсэн клуб, ШШГЕГ-ын 427 дугаар ангийн бөх улсын начин Д.Хүдэрбулга улсын заан цолын болзол хангав.
Жил бүр улсын начин цол хүртсэн хамгийн залуу бөхөд даага олгодог. Энэ жилийн хувьд 2000 оны гуравдугаар сарын 29-ний өдөр төрсөн Г.Дармаажанцан тодров. Тэрбээр тавын даваанд цэргийн арслан Г.Жамбалдоржоор тав давсан юм.
Б.НОМТ