Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт 2024 оны долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд 16 дахь жилдээ “Соёлын наадам”-ыг зохион байгуулах гэж байна. Уг наадмын талаар СУИС-ийн харьяа Театр урлагийн сургуулийн захирал Д.Даваасүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Соёл урлагийн салбар эзэнтэй болж, яамтай болсонд баяртай байгаа. Анх “Соёлын наадам”-ыг зохион байгуулахад улсаас 20 сая төгрөгөөр дэмждэг байсан бол өнгөрсөн жил 50 сая, энэ жил 80 сая төгрөгийг Соёлын яамнаас төсөвлөж байна. Энэ төсөв нь “Соёлын наадам”-ын нийт төсвийн 80 хувийг эзэлдэг. Бид хамтран зохион байгуулж байгаа байгууллагуудынхаа санхүүгийн дэмжлэгийг авч, 130 орчим сая төгрөгөөр наадмыг зохион байгуулдаг.
Наадмын үеэр хоёр хоногийн хугацаанд 200 гаруй хүн байрлах учраас тэдний хоол хүнс, техник хангамжид зарцуулдаг. Хүн бүр энэ наадмыг амжилттай зохион байгуулахын тулд хичээн ажилладаг.
Өмнөх жилүүдэд Соёл урлагийн их сургуулийн оюутан, багш, төгсөгч уран бүтээлчид уран бүтээлээ толилуулдаг байсан. Харин энэ жилээс нийслэлийн Соёл урлагийн газарт хандаж, гурван дүүргийн соёлын төвөөс уран бүтээлчид оролцохоор болсон. Мөн Япон болон Өвөрмонголоос этно урсгалаар уран бүтээл хийдэг залуусын хамтлаг урилгаар оролцох гэж байна. Цаашдаа олон улсын хэмжээний соёл урлагийн арга хэмжээ болж байна. Энэ жил нийт есөн өртөө ажиллана. Өнгөрсөн жил эдгээр өртөөгөөр 3000 гаруй хүн үзэж сонирхсон гэв.