“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ,Монголын шагайн харвааны холбоо, Монголын дугуйн холбоо, Сээр шалгах Хаан клуб хамтран “Айрагны баяр” нэгдсэн арга хэмжээг есдүгээр сарын 16-ны өдөр Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээ нь Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд уламжлалт айраг цагаан идээний соёл, ахуй, зан заншил, тоглоом наадгайг залуу хойч үедээ таниулан сурталчлах, өвлүүлэх, жуулчдад танилцуулах гол зорилготой юм. “Малчны хотноос хэрэглэгчдийн гарт” уриан дор явагдах тус арга хэмжээний үеэр “Морь хурдан уу дугуй хурдан уу” Дугуйн уралдаан, шагай харвааны тэмцээн, Дэмбээний аварга шалгаруулах тэмцээн, Хэн сайн айраг уух вэ тэмцээн, Сээр цохих тэмцээн зэрэг олон шагналт тэмцээнийг явуулах бөгөөд мөн хамгийн сайхан айргийг шалгаруулна. Арга хэмжээнд 21 аймгийн малчдын төлөөлөл оролцож, өөрсдийн боловсруулсан айраг, цагаан идээ, хүнсний ногоогоо Улаанбаатарчуудын гарт хамгийн хямд үнээр худалдаалах юм.Тус арга хэмжээ нь үйлдвэрлэгч тариаланчдыг иргэдтэй шууд холбож байгаагаараа онцлог, давуу талтай гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.
2023-09-14