ЭНЭ ЗУНЫ ТРЕНД АЯЛАЛ АЛТАЙ ТАВАН БОГД

Энэ зуны тренд аялал Алтай таван богд

Урин хаврын өдрүүд цаашилж, амралт, зугаалгын өдрүүд айлчлан айсуй. Дэлхий нийтийг хамраад буй ковидын цар тахлаас үүдэн, гадаад аялал жуулчлал зогсолтод ороод байгаа энэ үед дотооддоо аялах нь бизнес эрхлэгчдээ дэмжээд зогсохгүй, түүх соёлын дусргалт газраа танин мэдэх боломж юм. Мөн ковидгүй, маскгүй зуны төлөө уриалгыг ч гаргаад байгаа билээ. Эрхэм уншигч танд цэлмэг тэнгэр, уудам талд нүүдэлчин ахуй соёлоо судалж, үзэсгэлэнт байгалийн тогтоцоо бишрэн шүтэж, их ажлын стресс, завгүй хотын хөл хөдөлгөөнөөс холдон, түүхээрээ бахархах сэтгэгдлийг төрүүлэхүйц энэ зуны тренд аялал болох Алтай Таван Богдын  аяллыг санал болгож байна. Монгол орны баруун зах, хамгийн өндөр цэг бүхий үүлс шүргэм сүрлэг уулс, хараа булаам цэнгэг нууртай Алтай Таван Богд нь Монгол Алтайн нурууны “хоймор” юм. Монгол орны хамгийн өндөр цэг нь Алтайн нурууны Хүйтний оргил буюу далайн түвшнээс дээш 4374 метрт оршино. Хүйтний оргил болоод түүний орчимд ойролцоо өндөртэй таван уулс байдаг тул “Алтай таван богд” гэж нэрлэжээ. Цаг агаарын хувьд маш тогтворгүй бөгөөд нэг өдрийн дотор нар шарж, цас, бороо, орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл, гэхдээ хамгийн тааламжтай үе нь намар. Мөн тус газарт сүрлэг сайхан уулсуудаас гадна Монголын хамгийн том мөсөн голууд болох Потанинын, Александрын, Граненгийн мөсөн голууд бий. Үүнээс гадна Хотон, Хурган, Даян зэрэг мөстлөгийн гаралтай томоохон нуурууд нь Алтай таван богдын байгалийн цогцолбор газарт оршдог.

Хотон, Хурган буюу ихэр нууруудын домог

Баян-Өлгийн аймгийн Цэнгэл суманд битүү ой модоор хучигдсан ганц аралтай, далайн түвшнээс дээш 2084 метрийн өндөрт орших, мөстлөгийн гаралтай цэнгэг уст Хотон нуур бий. Энэхүү нуур нь байгалийн үзэсгэлэнт газраар зогсохгүй түүх соёлын чухал ач холбогдолтой юм. Түүхэнд Халх Монголыг Манжаас салгахын төлөө Ойрадын зүүн гарын цэргүүд Манжийн 20 мянган цэргийг Хотон нуурын хөвөөнд бут ниргэж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Хотон нуур нь Хурган нууртай богино хоёр километр хоолойгоор холбогдох  бөгөөд ихэр нуур мэт харагдана. Энэ хоёр нуур нь Ховд голыг тэтгэдэг юм. Хоёр нуурыг холбосон хоолой буюу ус ихтэй, урсгал нүргэлэх, цэнгэг сайхан голыг нутгийн хэллэгээр Сыргаль гэнэ. Сыргалы гэдэг нь ээмэг гэсэн үг аж. Яагаад ийнхүү нэрийдэх болсон нь Эрт дээр үед нэгэн эр баян айлын охинд дурлажээ. Гэтэл охины гэрийнхэн хос хоёрын хайрыг зөвшөөрөөгүй байна. Тиймээс нэгэн шөнө хоёр хос хамтдаа нэг моринд мордож үерлэж байсан голыг гатлан, Алтайн уулсыг даван зугтжээ. Ингэхдээ бүсгүй нь ээмгээ усанд унагав. Намар голын ус багасахад иргэд бүсгүйн усанд унасан ээмгийн олж, тухайн гол буюу хоолойг Сыргалы хэмээн нэрлэсэн гэх домог ам дамжин яригдсаар иржээ. Мөн эгц дээрээс нь харахад яг л эмэгтэй хүний унжсан ээмэг шиг харагдах нь нэрэндээ илүү зохицсон мэт сонирхолтой.

15 метрийн өндрөөс ус шуугиулан урсах Бага Түргэний хүрхрээ

Сүүлийн жилүүдэд дотоод, гадаадын жуулчдыг соронзон мэт татах болсон газар нь Бага түргэний хавцал юм. Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийд орших энэхүү хавцал нь мөнх цаст уулсаас эх авч урсаж,  хүний хөл хүрч байгаагүй болов уу гэмээр онгон дагшин байгаль дунд оршдогоороо онцлогтой. Хүрхрээний өндөр нь 15 метр бөгөөд хамгийн өндрөөс унан урсаж буй хүрхрээнд тооцогддог. Мөн Алтай таван богд нь ховордоод байгаа ургамал, буга, цоохор ирвэс, баавгай зэрэг ан амьтны эх өлгий нутаг юм. Энэ зун Алтай таван богдыг зорих уншигч таны аян зам өлзийтэй байг ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *