Хар зүрхний хөх нуур буюу Хамаг Монголын түүхт нуур

Хэнтий аймгийн Цэнхэрмандал  сумын төвөөс 35 км зайд байгалийн үзэсгэлэнгээрээ хосгүй төдийгүй Монголын нууц товчоонд гурвантаа гардаг, Чингис хаантай салшгүй холбоотой Хар зүрхний Хөх нуур  байдаг. Энэхүү нуур нь Улаанбаатар хотоос 220 км, засмал замаас салаад 35 км зайтай, далайн түвшнээс дээш 1600 метрийн өндөрт оршдог. Нуурын эрэг дээр Чингис хааны 840 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөөтэй. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа шовх оройтой Хар зүрх уул байдаг. Энд 1189 оны шаргачин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилсөн гэдэг. Хөх нуур нь Хар зүрх уулын өвөрт орших жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурыг хүрээлсэн уулсуудад ан амьтан, өвс ургамал нэн баян байдаг учраас Хөх нуур луу явах замд бууж зураг авахгүй байхын аргагүй. Энэ замд байгалийн үзэсгэлэнт газрууд бишгүй тааралдана. Нуурын эрэг дагуу Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэр байрлуулсан нь тун сонирхолтой. Аялагч танд зөвлөхөд, нуурын усанд хөлөө дүрэх боломжгүй, учир нь намгаар хүрээлэгдсэн байдаг. Тиймээс тусгайлан зассан хоёр хүн багтах индэр дээр зогсож нуурыг хамгийн ойроос харах боломжтой. Мөн намаг ихтэй учраас нуурын ойролцоо майхан барихад тохиромжгүй. Тиймээс нуураас 500 метрээс нэг км-ийн зайд майхан барих, эсвэл ойролцоох амралтын газарт буудаллахыг зөвлөдөг юм.

эх сурвалж joinme.mn/media/1258

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *