Тэрхийн цагаан нуур

Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуурыг“ Тэрхийн цагаан нуур гэдэг. Анх хангайн нуруунаас эх авсан хойд, урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Энэхүү нуур нь далайн түвшнээс дээш 2060 метрийн өндөрт орших бөгөөд урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 метр. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөх ба  нууранд хар галуу, цахлай зэрэг шувууд ирж, 5 метр хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог. Нуур руу явах зам дагуу Тариат сумын хойд хэсэг нь тэр чигтээ эрт галавын чулуун нүүрсний боржин чулуугаар хучаастай байдаг. Магадгүй Хорго хэмээн нэрлээд байгаа галт уул хэдэн зуун мянган жилийн тэртээ дэлбэрч, маш их лав урсан гарсны үр дүнд чулуу цацагдсан байж болох. Нуурын нэрийн тухайд, эрт дээр үед нуурын зүүн эрэг дээрх овоон дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад  “Хөөе, тэр их цагаан нуурыг хараач ээ!” гэж уулга алдаж хэлснээс  “Тэрхийн цагаан нуур” гэдэг нэр бий болсон гэх домог байдаг аж. Энэхүү цэнгэг уст нуур бол Архангай төдийгүй, Монгол орны нэрийн хуудас болох онгон дагшин үзэсгэлэнт газрын нэг. 2011 онд CNN мэдээллийн агентлаг дэлхийн аялах шилдэг газруудын нэгээр Тэрхийн цагаан нуурыг сонгосон байдаг. Аялагч та Тэрхийн цагаан нууранд автомашинаар саадгүй хүрч болно. Газар дээр цэлмэг хөх тэнгэр буугаад ирснийг харав уу гэлтэй, цэнгэг устай Тэрхийн цагаан нуурын өглөөг та хэзээд санагалзан дурсах болно. 

эх сурвалж joinme.mn/media/1258

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *