“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ болон Монголын Хөнгөн атлетикийн холбоо хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн, харилцан дэмжлэг үзүүлэх, ажлын уялдаа холбоогоо сайжруулан бодит үр дүнд хүрэх үүднээс өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Хамтын ажиллагааны санамж бичигт “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Д.Хатанбаатар болон Монголын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар нар гарын үсэг зурсан юм.
Энэхүү санамж бичгийн гол зорилго нь Хүй долоон худагт спортын чиглэлийн уралдаан тэмцээн, бүх нийтийн арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлж, үйл ажиллагааны бодит үр дүнд хүрэхэд оршиж байгаа юм.
Уг санамж бичгийг байгуулснаар Хүй долоон худагт “Тал нутгийн Монгол” Олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг жил бүр хамтран зохион байгуулахаас гадна Хөнгөн атлетикийн Олон улсын болон Улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг тус бүр зохион байгуулахаар болж байгаа юм.
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Д.Хатанбаатар:
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ нь Хүй долоо худагыг спорт, соёл урлаг, аялал жуулчлалын томоохон бүс болгохоор зорин ажилладаг. Мөн төрийн болон төрийн бус байгууллага спортын хороодтой хамтран ажиллах ерөнхий төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Монголын хөнгөн атлетикийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд “Тал нутгийн Монгол” Олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг хамтран зохион байгуулахаас гадна олон олон тэмцээн уралдаануудыг зохион байгуулж, үүгээр дамжуулан Монголын үндэсний өв уламжлал, түүх соёлыг сурталчлах болсондоо баяртай байна.
Монголын хөнгөн атлетикийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар:
Монголын хөнгөн атлетикийн холбооноос “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай байгууллага энэ жил 20 гаруй тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Энэ дундаас “Тал нутгийн Монгол” Олон улсын марафон гүйлтийн тэмцээн ихээхэн онцлогтой зохион байгуулагдах гэж байна. Гадаадын жуулчид олноор цуглардаг тус тэмцээнийг энэ жилийн хувьд Хүй долоо худагт зохион байгуулахаар болоод байна. Энэхүү томоохон ажлын хүрээнд Монгол наадам цогцолбортой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд зөвхөн уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна Биеийн тамир спортыг сурталчлах Монголын үндэсний өв уламжлалыг хөнгөн атлетикийн спортоор дамжуулан дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх, хурдан морь уралддаг зам талбайг олон төрлийн уралдаан тэмцээнд ашиглах зэрэг олон талт ажлуудыг тусган хамтран ажиллах юм.