Ч.Пунцагдорж: НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА “ХҮЙ ДОЛООН ХУДАГ”-ИЙГ НОГООРУУЛАХ ХҮСЭЛТ ТАВЬСАН

Сүүлийн үед байгууллага, хувийн компаниуд үүл буудах ажиллагааг сонирхож эхэлж байна. Гэхдээ энэ үйлчилгээг байгууллагууд авах хууль эрх зүйн орчин байгаа эсэх талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Ч.Пунцагдоржоос тодрууллаа.
– Сүүлийн үед ургац их авах болсонтой холбогдуулан үүл буудах ажиллагааг хувийнхан, орон нутгийн засаг захиргаа ч сонирхох нь нэмэгдэж байна. Тэдэнд энэ үйлчилгээг авах боломж бий юу?
– Өнөөдрийн байдлаар энэ үйлчилгээг нийслэлийн Засаг дарга С.Батболдын хүсэлтээр “Хүй долоон худаг”-т явуулж байна. Тэрээр “Хүй долоон худаг”-ийг ногооруулах хүсэлт бидэнд тавьсан юм. Эхний оролдлого амжилттай болж нийслэлийн төвд ч бороо орсон. Хоёр дахь нь бүтэлгүй болсон.
– Яагаад?
– Иргэд үүл л байвал бороо оруулж болно гэж боддог. Гэтэл үүл янз бүр байдаг. Харахад их хэмжээний үүл. Гэвч тунадас багатай бол бороо болохгүй.
– “Хүй долоон худаг” наадмаар сайхан ногоон талбай болж чадахуу?
– Чадна гэж бодож байна.
– Энэ үйлчилгээг газар тариалангийн хувийн компани эсвэл сумын наадам хийж байгаа Засаг дарга авч болох уу?
– Ер нь болно. Гэхдээ манай техник, технологи мянгаас дээш га-д хэрэглэх зориулалттай учраас багахан газар хэрэглэхэд зохимжгүй.
– Мянгаас дээш га-д үйлчилгээ авахад ямар шаардлага тавих вэ?
– Одоогийн хямралтай нөхцөлд мэдээж төлбөрийн тухай асуудал яригдана. Манайх ашиг хөөдөггүй. Тухайн үйл ажиллагааны зардлыг л тооцно. Бэлтгэл ажил багагүй шаардагддаг. Томилолт, тээврийн зардал гээд зардал гарна.
– Пуужин харвагч, газрын генератор нь хэр том эд вэ?
– Манайхан пуужин харвагчийг бараг гадарлах байх. Кинон дээр гардаг миномет гэдэг зэвсэг байдаг. Тэр дайны л эд. Харин газрын генератор нь томхон хэмжээний пийшинтэй төстэй. Түүнийг өндөр газар байрлуулаад тусгай түлш хийхэд асар хүчтэй шаталт үүсч үүлэнд нөлөөлдөг.
– Жилд дунджаар хэдэн пуужин харвадаг вэ?
– Хур сайтай жил нэгийг ч харвахгүй. Харвасан жилүүдийн тооцоог харахад жилд 1000 орчмыг хэрэглэсэн тооцоо бий.
– Энэ жил нөөц хангалттай байгаа юу?
– Одоогоор мянган пуужин нөөцөд байгаа. Дахиад мянгын нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна.
– Хэд хэдэн газар зэрэг пуужин харвах болбол яах вэ?
– Энэ асуудал аль эрт шийдэгдсэн. Өнөөгийн байдлаар харвагч, генератор тус бүр 40 орчмыг орон нутагт байрлуулсан. Гэхдээ ялгаатай. Сэлэнгэд 4, Говьсүмбэрт 1 гэх мэт.
– Зарим улс төрч “Намайг хөдөө очиход бороо оруулаад өгөөч” гэж гуйдаг гэж үнэн үү?
– Тэгж улс төржөөд яах вэ. Харин зарим үед хөгтэй юм гарна шүү.
– Нууц биш бол…
– Нэг бөө миний ажлыг хагас өдөр алдуулсан. Тэр бөө нэг газар бороо оруулах гэж байсан чинь бид буудаад өөр газар оруулчихсан бололтой юм. Эхлээд загнаад дараа нь хамтран ажиллаж, ашиг хуваах санал тавьсан. Бид ямар ч боломжгүй, ашгийн бус байгууллага гэж тайлбарласан чинь уурлаад гарсан.
– Анх үүл буудахад багагүй хэл ам гарч байсан. Одоо нийгэм хэр хүлээж авсан бол?
– Ямарч байсан аюулгүй, ашигтай гэдгийг ойлгуулж чадсан.
– Хувь хүн томоохон бэлчээрийг усжуулах эсвэл говьд тариалангийн аж ахуй эрхлээд, та бүхэнтэй хамтарч ажиллаж болох уу?
– Болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *