ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ШИНЭ ЦЭНГЭЛДЭХ БАРИГДАНА

Нийслэлийн Засаг дарга С.Батболд 2008 оны Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнг байгуулсан “Чиндо Констракшн” группийн ерөнхийлөгч Ли Жан Сун тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.Уулзалтад “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл, “Чиндо Констракшн” группийн дэд ерөнхийлөгч Ван Шоу Юу болон бусад албаныхан оролцов.
1.3 сая хүн амтай Улаанбаатар хотод олон улсын чанартай спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгааг Хотын дарга уулзалтын эхэнд онцлов. Тэрбээр Улаанбаатар хотод 2020 онд Азийн хүүхдийн спортын их наадам, 2023 онд Азийн залуучуудын спортын их наадам болно. Үүнээс өмнө 35 мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатай буйгаа илэрхийллээ.
Барилгын салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх зорилго бүхий “Чиндо Констракшн” нь 1952 онд байгуулагдсан бөгөөд тус группын барьсан хамгийн алдартай барилга нь 2008 оны Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн юм. Эдүгээ БНХАУ-ын 30 хот, олон улсад 30 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улсын хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаа гэдгээ ноён Ли Жан Сун илэрхийллээ. Тэрбээр, “Бид ажлын хэсэг байгуулан Улаанбаатар хотод Цэнгэлдэх хүрээлэн барих асуудлыг нарийн судална гэдгээ илэрхийллээ. Яг одоо “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл “Чиндо Констракшн” группийн удирдлагуудтай уулзалт хийж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *