ХОРЬДУГААР ЗУУНЫ МАНЛАЙ

Хүннү сүннүгийн үеэс хүчирхэг явсан түүхтэй эзэн Чингисийн суу билэг дордэлхийг төвхнүүлж, их эзэнт гүрнийг байгуулсан өвөг дээдсийн өлгий. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхий 17 дахь том улс, 130 сая хүн амтай Японы арлыг 4 дахин, барууны европыг бүхлээр нь багтаах өргөн уудам байгалийн асар их нөөц баялагтай, уул ус, ой мод, хангай говь, хээр тал хослон жигдэрсэн дөрвөн улирлын өнгөтэй үзэсгэлэнт энэ сайхан нутгийг монгол хүн эзэгнэнхэн амьдарч байна. XX зууны түүхчид их үйлийг бүтээж, улс үндэстнийхээ нэр төрийг тив дэлхийд мандан бадруулсан төр, нийгэм, соёл урлаг спортын зүтгэлтпүүдийг “Зууны мэдээ” сонин, “Монголын мэдээ” агентлагаас уншигч, үчэгчдийн дунд явуулсан санал асуулгаар “Зууны манлай”-аар шалгаруулсан билээ. Үндэсний их баяр наадам, эрийм гурван наадмын ноён оргилуудаас Монгол наадам онцлож байна.
Хорлоогийн Баянмөнх
Увс аймгийн Хяргас сумын уугуул Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавъяат тамйрчин, Монголын үндэсний бөхийн дархан аварга, Олимпийн мөнгөн медальт, Чөлөөт бөхийн дэлхийн аварга, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор тэрээр “Зууны мэдээ”сонин, “Монголын мэдээ” агентлагаас уншигч үзэгчдийн дунд явуулсан санал асуулгаар “XX зууны манлай” бөхөөр шалгарсан билээ. 12 наснаасаа сумын наадмын бөхийн аманд гарч, 16 насандаа сумынхаа наадамд түрүүлж, сумын заан цолыг хүртэж байжээ. 1961 онд Улаанбаатар хотод Багшийн их сургуульд суралцахаар ирсэн нь түүний хувьд улсын том бөхчүүлтэй хүч үзэн ийнхүү амжилтанд хүрэх их гарааны эхлэл болсон байдаг. Тэрээр үндэсний бөхөөр улсын наадмыг арвантаа манлайлж, чөлөөт бөхөөр дэлхийн аварга, олимпийн мөнгөн медаль хүртэж байсан. XX зууны манлай бөх Хорлоогийн Баянмөнх аваргад зориулсан хөшөөг 2014 онд Увс аймгийн 90 жилийн ойгоор Улаангом хотын бөхийн өргөөний өмнө босгожээ. Хөшөөний суурийг дэлхийн бөх гэдгийг нь бэлэгдэн бөмбөрцөг хэлбэртэй хийсэн бөгөөд олон өрсөлдөгч нарын дундаас монгол бөхийн ноён оргилд хүрсэн гэдгээр нь далайн салхи шуургаар төсөөлөн дүрсэлж илэрхийлсэн байна.

Шагдарсүрэнгийн Даваахүү
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын гавьяат тамирчин, Биеийн тамирийн тэргүүний ажилтан, даяар дуурсах мэргэн цолтой тэрээр XX зууны манлай харваач. Үндэсний сурын харваагаар 1989 оноос хичээллэн 1990 онд үндэсний их баяр наадамд түрүүлэн Монгол Улсын мэргэн, 1990 онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн баяраар түрүүлж Xошой мэргэн, 1993 онд Улсын их баяр наадамд түрүүлж Гоц мэргэн, 1995 онд Улсын их баяр наадамд түрүүлж Гарамгай мэргэн, 1999 онд Улсын их баяр наадамд түрүүлж Даяар Дуурсагдах Мэргэн цолыг хүртжээ. Улсын их баяр наадамд долоон удаа 2- р байрт шалгарсан бол Улсын аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа түрүүлэн манлай харваачаар тодорч байсан.
1995 оны Улсын их баяр наадамд 40 сумнаас 40 онож түүхэн амжилтын эзэн болсон бөгөөд одоогоор энэ амжилт нь давтагдаагүй байна. Түүний шавь нараас нь Монгол Улсын Гоц мэргэн нэг, Хошой мэргэн нэг, Улсын мэргэн гурав, Идэр мэргэн 12, спортын мастер 51, дэд мастер 21 төрөн гарснаас гадна “Хангарьд” спорт клубийн баг Улсын аварга шалгаруулах тэмцээнд 12 удаа түрүүлж түүхэн амжилтыг тогтоогоод байна.

Данзаннямын Даваахүү
Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, Тод манлай уяач Данзаннямын Даваахүүг монголын олон мянган уяачид дундаас XX зууны манлай уяачаар шалгаруулсан байдаг. Тэрбээр өөрийн уясан 16 азаргыг зөвхөн улсын наадамд түрүүлгэсэн дахин давтагдашгүй амжилтыг үзүүлсэн уяач юм. төрийн наадамд гурван үеэрээ хурдан хүлгээ түрүүлгэж, айрагдуулсан уяачдын гал голомт бол эднийхэн. Тэрбээр 1982 онд “Түмэн агтны магнай”, 1999 онд азарга уралдсны зуун жилийн онд зориулан “Хүлэгчийн нууц”, 2007 онд “Монгол улсын эрийн гурван наадмын хоёр зуун жилийн түүхэн товчоон”, 2013 онд “Молор эрдэнийн алтан судар” зэрэг бүтээлээ гаргаж уяачид, хурдан морь сонирхогчид, уншигч түмнийхээ гар дээр тавиад байна. Уяач эцгийн ууган хүү тэрээр таван настайгаасаа л хурдан хүлгийн нуруун дээр дарцаглан өсөж 1955 оны Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын наадамд ганзгаараа даруулсан бяцхан бор хүү анхны наадамдаа их насны морь унан айргийн гуравт хурдалж байжээ. 1980 оны наадмаар азарга, их нас, соёолон түрүүлгэснээр Монголын хурдан морины түүхэнд нэгэн шинэ амжилтын эзэн болсон байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *