СЭТГҮҮЛЧ АЯЛАГЧ Г.БАДАМСАМБУУ: МОНГОЛ НААДАМ БОЛ МОНГОЛЫН БРЭНД

Монгол наадам бол жуулчдыг татах монгол брэнд мөн уу гэдгээс яриагаа эхэлмээр байна?
Монгол наадам бол нүүдэлчин маягаар нааддаг наадам. Түүнийг орчин үеийн суурин амралт, ресортын орчинд яаж өндөр зэрэглэлээр зохион байгуулах вэ? гэдэг асуудал байдаг. Монгол наадам гэдэг чинь Монголын үндэсний брэнд. Одоо бол наадам зөвхөн оролцогчдоо хамааралтай. Тэгсэн хэрнээ улс үүнийгээ зохион байгуулах хэрэгтэй гэж үзээд асар их мөнгө зарцуулдаг. Энэ хэлбэр нь үзэгчид болоод жуулчдад өргөн хүртээлтэй биш байдаг. Жуулчдад яаж хүртээлтэйгээр монгол наадмыг үзүүлэх юм бэ, гадныхан наадмаас яаж таашаал авах вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Наадмыг орчин үед нийцсэн байдлаар зохион байгуулагддаггүй учраас хэдэн бөх, хэдэн морь, нум сум харвадаг хүмүүс, за тэднийг мэддэг, ойлгодог цөөхөн хэсэг хүмүүсийн хүрээний баяр болж хувираад байна.
Тэгэхлээр наадам гэдэг зүйлээ яаж үнэ цэнэд хүргэх вэ гэдгээ нэн тэргүүнд бодох хэрэгтэй. Энэ брэндийг бид ирээдүйд үнэ цэнэд хүргэж чадах юмаа гэдэг нь нэгдсэн нэг том цогцолбор бүхий төсөл болгоод газартай нь хамт төлөвлөх ёстой. Бид наадмыг мэддэг гэдэг боловч үнэндээ хүмүүсээс ийм хол, огт ойлгомжгүй зүйл байдаг гэдгийг мэддэггүй.
Тэгэхлээр Монголын наадмыг яаж хүртээмжтэй болгох вэ?
Наадам бол ашгийн бус үндэсний баяр цэнгэл, ёслол юм. Гэтэл аялал жуулчлалтай холбоод ирэхээр эдийн засгийн ач холбогдолтой болоод ирнэ. Хэрэв бид өндөр төсөвтэй наадам зохион байгуулах ёстой юм бол тэр өндөр төсвийг хаанаас нь яаж нөхөж олох юм бэ гэдгээ тодорхой тооцох хэрэгтэй болно. Үүний тулд ард түмнийг яаж идэвхжүүлж, хэрхэн мөнгийг нь татаж төвлөрүүлэх юм бэ гэдэг бол гол тогтолцоо нь байх ёстой. Тэрнээс биш бид хагас өдөр бөглөрч байгаад Хүй долоон худагт очиж морь үздэг, нэг насны морины уралдаан харчихаад буцаад тал өдөр бөглөрч ирээд бөхөө үздэг ийм зохион байгуулалттай байх юм бол энэ хүртээмжтэй наадам биш. Энэ бол эрийн гурван наадмын бас нэг инээдтэй тал нь.
Олимпийг зохион байгуулагчид бол тухайн стадионд үзэж байгаа хүнээс илүүтэйгээр дэлхий дээрх 7 тэрбум хүнд яаж хүргэх вэ гэдэгт гол ач холбогдлоо өгч хамаг хөрөнгөө зориулдаг. Наадмыг зорин ирж байгаа хэдэн арван мянган хүмүүс, мөн ирээгүй телевиз, дэлгэцээр үзэж суугаа олон сая хүмүүст зориулж хийвэл наадам өөрөө хүртээмжтэй болох ёстой.
Та түрүүн нэгдсэн нэг том цогцолбор бухий төсөл болгоод газартай нь хамт төлөвлөх ёстой гэлээ. Үндэсний баяр наадмын цогцолбор байхын хэрэгцээ шаардлага нь юу юм бэ?
Наадам үнэхээр Монголын том үйл явдал мөн үү гэвэл мөн, тэр ч байтугай аялал жуулчлалын том нөөц. Улаанбаатар хотод аялал жуулчлалын багц үйлчилгээний төрлийн бүтээгдэхүүн асар их дутагдаж байгаа. Иймээс хэрэгцээ их байгаа. Гол нь үүнийг яаж хийх вэ гэдэг л чухал. Асуудлын гол нь энд л оршиж байгаа. Энэ бүхнийг хүмүүс мэдэж байгаа. Тэр ч байтугай янз бүрээр төсөөлж, зурж үзэж, төлөвлөж байна. Тэр бүхэн тийм оновчтой байж чадахгүй байгаа. Тэгэхлээр наадмыг орчин үеийн менежментийн аргаар эдийн засгийн утгаар аялал жуулчлалын гол үйл явдал юмаа гээд бүхэлд нь системтэйгээр харах нь өөрөө маш чухал. Тэгэхгүй зүгээр л Хүй долоон худгаар төсөөлөөд л, үүнийг монгол наадам гэнээ гэвэл энэ биш. Тиймээс Хүй долоон худаг дээр ямар хэмжээний жуулчдыг яаж татдаг байх вэ гэдгийг нарийн тооцоолж, төлөвлөх хэрэгтэй. Хүй долоон худгийг үнэхээр гоё том цогцолбор газар болгочихвол жуулчдаас гадна хотын наадмыг үзэх гэж аймаг сумдаас хүртэл хүмүүс ирдэг болно. Энэ бол дотоодын аялал, жуучлалаа дэмжиж буй нэг хэлбэр. Сумын малчин хүн ирээд: “Өө ёстой амар юм байна лээ, очоод л тэр зочид буудалд нь хоёр хоногоор мөнгө төлчих юм. Үйлчлэгч нар нь хоол, наадмын хуушуурыг нь зөөгөөд өгөх юм. Гурвын даваа эхэллээ гэхэд тэр хотхондоо сонсогдож байдаг. Цэнгэлдэхэд ороход суудал тодорхой, захиалсан суудал дээрээ суугаад бөхөө үздэг” гэх мэтээр ярина. Ингэж чадвал наадам гээд нөгөө сум руугаа цуглардаг биш Улаанбаатар руу хүмүүс ирдэг болж дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх бас нэг хэрэгсэл болж хувирна. Иймээс л наадмыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход менежмент хэрэгтэй байгаа юм.
Монгол наадмыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход менежмент хэрэгтэй гэлээ. менежментээс гадна хөрөнгө оруулалт чухал болно доо?
Тэгэхлээр төр бол заавал энэ том цогцолборын зохион байгуулалтанд оролцож, хууль эрх зүйд санаа тавих ёстой. Тэгээд хамтрагч, хөрөнгө оруулагчдынхаа сонирхлыг харгалзсан өндөр шалгууртай хөрөнгө оруулагч улсуудыг оруулж ирэх нь зөв байх. Ингэж байж гаднаас хөрөнгө татан аялал жуулчлалын маш том орчин байгуулна гэсэн үг л дээ. Энэ орчин бол зөвхөн наадамд зориулсан биш аялал жуулчлалын иж бүрдэл орчин байх юм шүү. Гадны хөрөнгө оруулалтуудыг татья гэвэл жирийн байдлаар төлөвлөж болохгүй л дээ. Харин зүгээр л жилд нэг удаа болдог наадамд зориулан нэг стадионтой байх ёстой, эрийн гурван наадам нэг дороо байх ёстой гэвэл энгийн байж болно. Ерөөсөө Улаанбаатар хотод ирэхэд монголчуудын уламжлалт амьдрал хийгээд үнэт зүйлсийг үзэж болдог хамгийн том иж бүрэн газар нь уг нь Хүй долоон худаг юм. Ийм төлөвлөлтийг хотын төсвөөр ч юм уу эсвэл нэг засгийн газар бүгдийг харж хийхэд боломжгүй. Энэ бол хэдэн жилээр барих, шийдэх иж бүрэн асуудал.
Та сая хотын төсвөөр ч юм уу, нэг засгийн газар хийхэд хугацаа хүрэлцэхгүй талаар хэлэх шиг боллоо. Энэ бүхнийг яаж хийх талаар таны санаа бодлыг сонсоё?
Дэлхий ертөнц жирийн байхаа больчихсон байна. Жуулчдыг татахын тулд заавал сюрпризтэй байх, онцгой зүйл төлөвлөсөн байх, зориод ирж буй зочдын бүх нөхцөлүүдийг бүрэн дүүрэн хангахуйц стандартыг бүрдүүлсэн шаардлагатай болоод байна. Тийм учраас энэ цогц төлөвлөлтийг яг орчин үеийн дэлхий ертөнцийн үзэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан өндөр хэмжээний зүйлээр харах хэрэгтэй. Энд тууштай тогтсон нэг баг буюу хэрэгжүүлэгч агентлаг байх ёстой.
Та Хүй долоон худаг дахь бүтээн байгуулалтыг аль талаас нь харж байна?
Бидний эхний зорилго бол Монголын наадмыг нэг дор хүртээмжтэй үзэж болдог нөхцлийг бүрдүүлэх. Энэ бол хамгийн эхний зорилт. Цаашдаа байнгын ажиллагаатай болгох нь төслийн маань 2, 3 дахь шат байж болох байх. Энэ бүхэнд төр оролцож өөрийн үзэл бодлоо тусгаж хамтарсан хэлбэртэйгээр ажиллах хэрэгтэй. Үр ашиггүй төртэй зууралдвал бүр хэрэггүй. Гэвч төр нэгэнт хуулиараа наадмыг зохион байгуулдаг, үндэсний өв, соёл уламжлалын зүйлүүдийг Монголын түүхийн өмнө хариуцах ёстой субьект. Аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлын хамгийн том бодлого нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Энэ үйлдвэрлэл дотор үр ашигтай байж болох том үйлдвэрлэл нь эвент арга хэмжээ. Шинэ эвент арга хэмжээг бодож олохоос илүү бэлэн байгаа арга хэмжээгээ илүү үр ашигтай болгох. Наадам бол яг тийм бэлэн арга хэмжээ юм. Наадам бол Монгол улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд урдаас бэлэн байж байсан нөөцүүдийн нэг. Энэ нөөцийг яаж сайжруулж аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох юм бэ гэдэг нь чухал асуудал юм. Одоо хүртэл бид наадам гэдэг зүйлийг эдийн засгийн утгаар нь бүрэн дүүрэн харж чадаагүй байгаа. Тийм учраас төр заавал оролцох ёстой. Бид төлөвлөлт болон ач холбогдол, мөн статус дээрээ сайн анхаарах ёстой.
Монгол наадамд орчин үеийн технологийг шингээх тухай ярьцгаадаг. Та олон газар явж нүд тайлсан байх?
“Тоur dе Fгаnсе” дугуйн тэмцээн хэд хэдэн хотод янз бүрээр болдог. Тэнд уралдаж буй дугуйчдын уралдааныг хэдэн зуун метр мотоциклтой, үгүй бол замын хажуугаар өөрөө автоматаар гүйдэг камеруудтайгаар үзүүлдэг. Яг тийм маягаар бид морины уралдааныг үзүүлж чадвал монгол морь хэдэн ч километр уралдсан бай үзэгчдэд сонирхолтой болно. Олимпийн холын зайн гүйлт ч мөн энэ зарчмаар явдаг. Тэр тэмцээнийг бүтэн гүйлтийнх нь туршид үзэгчид харахыг хүсдэг. Тэгэхэд бид хурдан мориныхоо уралдааны сүүлчийн гурван километрийг л хардаг. Ингэхээр л бид монгол адууны гайхамшгийг өөрсдөө ч, жуулчдад ч бүтэн үзүүлж чадахгүй байгаа юм.
Монгол наадмыг төр зохион байгуулах үүрэгтэй гэдэг талаар түрүүн дурдсан. Энэ талаар?
Монгол наадам гэдэг зүйл бол өөрөө соёлын үнэтэй нөөц, соёлын үнэтэй том арга хэмжээ болохын хувьд улсын анхаарлын төвд байх ёстой юм. Өнөөдөр Монголд нийгмийн хэрэгцээ шаардлагын үүднээс томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулчих цэнгэлдэх хүрээлэн байхгүй байна. Үндэсний хэмжээний олон нийтийг болон жуулчдыг татах төв байхын тулд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *