Р.ПҮРЭВДАГВА: ЭРИЙН ГУРВАН НААДМАА НЭГ ДОР ХИЙВЭЛ САЙХАН БОЛНО.

Өнө эртний их түүх, Монголчуудын оюун сэтгэлгээний дархлааг шингээсэн домогт Хүй долоон худаг энэ газар оронд хүн төрөлхтөний соёлын өв болсон эрийн гурван наадмаа Монголчууд хийж, даяар олноороо цэнгэн нааддаг түүхэн уламжлалтай. 90 гаруй жилийн тэртээ Монголчуудын наадаж байсан долоон хошуу “Даншиг” наадмыг сэргээн зохион байгуулдаг болоод байгаа билээ. Хүч бяр нь ханасан хүглэгэр хангай мэт эрчүүд зодог шуудгандаа багтаж ядан барилдах энэ наадмыг хоёронтоо манлайлсан Архангай аймгийн Булган сумын уугуул, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 150-р анги, “Алтан дорнод Монгол” ХХК-ний бөх Даншгийн аварга Ренцэнбямбын Пүрэвдагвыг сэтгүүлийнхээ зочноор урьж ярилцсан юм.

Даншиг наадмыг сэргээн “Хүрээ цам” нэртэйгээр зохион байгууллаа. Энэ наадамд та 2 удаа түрүүллээ?
Дээр үеэс даншиг наадам бол Монголын хамгийн том наадмын нэг байсан гэж ахмад бөхчүүд ярьдаг. Энэ наадам 93 жилийн дараа дахин сэргэж зохион байгуулагдлаа. Энэхүү наадмыг анх удаа болоход түрүүлж даншгийн арслан, дараа жил нь дахин түрүүлж Даншгийн аварга цол хүртсэндээ баяртай байдаг. Даншиг наадамд олон бөхчүүд барилддаг байсан гэсэн энэ уламжлалаар манай бөхчүүд ч гэсэн идэвхтэй оролцож байгаа.
Анхны болон хоёр дахь Хүрээ цам шашин соёлын даншиг наадамд ямар бөхчүүдтэй түрүү үзүүрт үлдэж байв?
2015 оны Даншиг наадмаар Завхан аймгийн харьяат Улсын гарди Б.Гончиндамбатай түрүү үзүүрт үлдэн түрүүлж Даншгийн арслан цол хүртсэн. 2016 оны даншгаар Булган аймгийн харьяат Аймгийн заан Б.Түмэндэмбэрэлтэй түрүү үзүүрт үлдэж Даншгийн аварга цол хүртээд байна.
Хамгийн сүүлийн даншиг наадмыг 1922 онд онд зохион байгуулсан байдаг. Энэ даншигт Архангай аймгийн Луу гүний Вандан аварга түрүүлж байжээ. 93 жилийн дараа дахин сэргээсэн Даншиг наадамд Архангай аймгийн бөх Р.Пүрэвдагва түрүүллээ. Энэ учрал тохиолын талаар?
Арын сайхан хангайнхан бөхийн өлгий нутаг гэдгээ дахин баталж байгаа юм болов уу гэж би хувьдаа боддог. Бас өмнөх тэр сайхан аваргуудын буян хишиг бидэнд ирж байгаа юм боловуу гэж бэлэгшээж явдаг даа. Мөн Хүй долоон худаг бол эртний домогт бөхчүүдийн хийморь шингэсэн газар нутаг тул энэ газрын уул усны онгод хүүхдүүд биднийгээ болгоож байдаг биз ээ.
Таны аавыг бөхийн засуул гэж сонслоо. Бөх болохын үндэс аавын тань нөлөөлөл үү?
Бөх болох нь хүний хүсэл мөрөөдөл, чин сэтгэлтэй холбоотой юм болов уу гэж боддог. Манай аав улсын цоллогч засуул Ренцэнбямба гэж Архангай аймгийн Булган сумын харьяат хүн байдаг. Манайх хоёр талаасаа бөхийн удамтай. Ээжийн маань аав Шатар гэж Өгийнуур сумын харьяат аймгийн заан хүн байсан. Харин аавын минь талаас Монгол улсын гарди Д.Рагчаа, Харцага М.Батжаргал начин М.Бат-Отгон зэрэг улсын цолтой бөхчүүд байдаг . миний хувьд хүүхэд байхаасаа л бөх болно гэж боддог байлаа. Аав ээж минь бас бөх болоорой гэж хүү дээ хэлдэг байсан. Энэ бүхэн нөлөөлсөн юм байлгүй одоо ингээд бөх болоод явж байна.

Монголчуудын удам залгах ухаан гэж байдаг. Тухайлбал бөх хүн, хүүгээ бөх болгох гэх мэт. Энэ тухай таны бодол?
Монголчуудын удам залгах ухаан гэдэг бол том агуулгатай. Ер нь удам залгана гэдэг нь аав, ээжийн алтан сургаал, үр хүүхдүүдийн ухамсраас ихээхэн шалтгаалдаг нарийн учир шалтгаантай асуудал юм болов уу гэж бодож байна.манай гэр бүлийн амьдрал өглөөнөөс орой унтан унтах хүртлээ бөхөөр бөхөөр амьдарч байна гэхэд хилсдэхгүй. Би 2 хүү 1 охинтой. Манай гурван хүүхэд багаасаа л бөх болж, барилдана гээд байгаа. Хувь хүнийг төлөвшүүлэх, хүн байхын ухаанд суралцахад ч, эр хүн болж хүмүүжихэд спорт их чухал.

Даншиг наадмаар бөхийн цол олгож эхэлсэн. Бөхчүүд энэ наадмын цолыг хэрхэн хүлээж авдаг вэ?
Бөхөд цол олгоно гэдэг өөрөө том үйл хэрэг. Тийм учраас бөхчүүд сайхнаар хүлээж авдаг байх. Улсын наадамд барилдсан 512 бөх бүгд барилддаг болчихвол бүр өргөн хэмжээнд сэргэж нэр хүнд нь өсөх байх. Хүй долоон худгийн дэнжид хоёр жил дараалан сайхан зохион байгуулагдаж байгаа даншиг наадам дахиад үргэлжлээсэй, бас олон сайхан залуучууд даншгийн цол хүртээсэй гэж бодож явдаг.
Та Монгол улсын арслан цолтой, Мөн даншгийн аварга цолтой бөх. Таныг яаж цоллох ёстой вэ?
Яг аль цолоор нь дуудмаар байна тэр бол хувь хүний асуудал. Хуулиараа бол мэдээж Монгол улсын арслан гэж дуудах ёстой байх. Хувь хүнийхээ хувьд тэгж, ингэж цоллуулах юмсан гэсэн гэсэн бодол байдаггүй. Бөх хүний хувьд хамгийн их дээдэлж явдаг үндэсний бөхийн цолны нэг “Аварга” хэмээх цол байдаг. Энэ цолыг сайн барилдаж байгаа бөх хүн болгон авахыг хүсэж байдаг. Даншиг наадмын цолыг их бэлэгшээж явдаг юм. Даншгийн арслан болоод дараа нь улсын арслан болсон. Даншгийн аварга болсон юм чинь хойтон жил ч гэсэн аварга болохын төлөө сайн барилдахыг хичээж бэлтгэл сургуулилтаа хийж байна даа.
Та бөх хүнийхээ хувьд эрийн гурван наадмыг тодорхойлохгүй юу?
Уул устайгаа, хүчит бөхчүүдтэйгээ, нум сумтайгаа, хурдан морьтойгоо байдаг Монголын нэг өдөр гэж хэлмээр байна.
Өнөө цагийн наадмын зохион байгуулалтын талаар таны бодол?
Наадамчин олон минь Хүй долоон худагруу очиж морио үзмээр байдаг. Бас бөхөө ч үзмээр байдаг. Морь, бөх, сураа нэг газар үздэг болвол ард түмэнд дараагүй юм даа. Нэг дор байвал Бөхөө үзээд хамт зургаа даруулчихна, хурдан мориныхоо уралдааныг үзээд хөлсөнд нь хүрчихнэ, нум сумаа үзээд наадам өргөн дэлгэр болж наадамчдын сэтгэл санаа өөдрөг байх боловуу. Одоо наадамчид морь бөхрүүгээ хуваагдчихаад хэцүү байдаг. Хүй долоон худагт нэгдсэн том цогцолбор барих тухай яригддаг. Энэ цогцолбор хурдан баригдаасай гэж бодож явдаг. Бидний үед энэ сайхан цогцолбор баригдвал Хүй долоон худгийн дэнжид улсын наадамдаа барилдах нь түүх юм даа.
Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *