-Ярилцлагынхаа эхэнд Хүй долоон худгийн түүхээс товчхон сонирхуулахгүй юу?
-Хүй долоон худаг түүхийн маш онцлогтой газар. Улаанбаатар хот 10 гаруй жил энд байршсан түүхтэй юм байна лээ. Тиймээс бид Улаанбаатар хот байсан суурин дээр “Нийслэлийн гэрэлт хөшөө”-г байгуулахаар Нийслэлийн ИТХ-д саналаа өргөн бариад байгаа. Түүнчлэн ХХ зууны эхэн хүртэл энд Эрийн гурван наадмаа зохион байгуулдаг байсан юм билээ. Ардын хувьсгалын жилүүдэд Улаанбаатар суурин хот болсноор хотдоо наадамлахаар болсон. Хүн ам ихэсч, газар нутгийн багтаамжаас шалтгаалж холын зайн морины уралдааныг хотоос гадна хийх нь зүйтэй гэдэг санаачлага гаргасан.
Тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга М.Энхболдын санаачлагаар 2003 онд Улсын баяр наадмын хурдан морины уралдааныг Хүй долоон худагт хийдэг болсон. Одоо 14 дэх жилдээ хурдан морио уралдуулах гэж байна. Энэ нь өөрөө монгол түүхээ сэргээж, монгол наадмаа хүндэтгэн хурдан морины уралдааныг байгалийн нөхцөлд нийцүүлсэн том алхам болсон. Энэ санаачлага нь өнөөдрийн энэ “Монгол наадам цогцолбор” бий болох, Хүй долоон худгийг үйл ажиллагаатай болгох, аялал жуулчлалын төвийг нэгээр нэмэгдүүлэх ажлын эхлэл болсон сайн талтай юм.
Мөн Хүй долоон худагт болсон олон сайхан түүхэн үйл явдлуудын нэг нь VIII Богд Жавзандамба хутагт Жижиг цагаан хөтөл гэдэг өндөр дээрээс морь үздэг байсан. Сүүлийн үед Богдын өндөр гэж нэрлэдэг болоод байгаа. Энд “Богдын өндөр цогцолбор” төсөл хэрэгжүүлнэ. Мөн Богд хааны алаг морь гэж алдартай морь байсан. Энэ морь нь ХХ зууны манлай хүлэг гэж уяачдын дунд хүндлэгдэж ирсэн. Долоон түрүү авч хэд хэдэн удаа айрагдсан хүлэг байдаг юм билээ. Энэ алаг морины хөшөөг Хүй долоон худагт барих санаачлагыг Тод манлай уяач Д.Даваахүү гуай гаргасан юм.
Энэ санал дэмжигдээд макет зураг төслөө хийгээд явж байгаа. Мөн жуулчид болон фото зурагчид морь ирэхэд үзэхээс гадна, гараан дээр, уралдааны явцад нь үзэх хүсэлт нэлээд гаргадаг. Энэ хүсэлтийг биелүүлэх боломж бүрдэнэ.
-“Монгол наадам цогцолбор”-т одоогоор бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгээд байгаа вэ?
-“Монгол наадам цогцолбор” өргөн хүрээтэй, том мөрөөдөлтэй байгууллага. Бидний хувьд хийж эхлүүлсэн ажлууд ч бий, хийхээр зорьж буй нь ч байгаа. Нийслэл хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө гаргасан. Үүнд Хүй долоон худагт ирээдүйд 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 110 харваач зэрэг харвах бололцоотой сурын талбай, 64 баг шагай харвах шагайн талбай, наадамчдыг амарч зугаалахад зориулж спорт, соёлын төвийг байгуулахаар төлөвлөсөн байгаа. Одоогоор бид инженерийн байгууламжийн зураг төслүүдээ хийгээд дуусаад байна. Баяр наадмын дараа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажилдаа анхаарч ажиллана. Бүтээн байгуулалт хийхэд зураг төслийн ажил багагүй цаг хугацаа шаарддаг. Иймээс үүн дээр анхаарч байгаа. Ер нь бид жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулах, цаашдаа бүтээн байгуулагч болох, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж байна.
Энэ жил Хүй долоон худагт гурван том уралдаан болно. Улсын баяр наадмын морины уралдаан, долдугаар сарын сүүлээр Төвийн бүсийн уралдаан, наймдугаар сарын эхээр Даншиг наадам зохион байгуулна. Эдгээр ажлынхаа дараа өвөлжилт, ялангуяа цанын баазын ажилдаа орно.
-Цогцолбор дээр хийж буй ажлын нэг болох “Морин уналга сургалтын төв” туршилтын шатанд явж байгаа гэсэн. Яг хэзээнээс бүрэн ажиллаж эхлэх вэ?
-Хүй долоон худгийг иргэд морь уралддаг газар л гэж боддог. Энэ ойлголтыг өөрчлөхийн тулд Хүй долоон худаг орчмыг жилийн дөрвөн улиралд байнгын ажиллагаа хөл хөдөлгөөнтэй байлгахыг зорьж байгаа. Тиймдээ ч “Монгол наадам цогцолбор”-ыг үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын төв болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд нилээд олон төслийг санаачилж туршиж байгаа. Тухайлбал өнгөрсөн жил “UB resort” цанын баазыг ажиллуулж үзсэн. Цанын бааз хоёр сар орчмын хугацаанд ажиллахад 30 орчим мянган хүн давхардсан тоогоор үйлчлүүлсэн байна. Ингээд бид өвлийн цагт цанын бааз ажиллуулж болох юм байна гэдэг туршилт хийсэн. Мөн наадмаас бусад цагт юу хийж болох талаар судлаад “Морь уналга, сургалтын төв”-ийг туршиж үзлээ. Судалгаа явуулахад иргэдийн дунд ч мөн морь унаж сурах сонирхол их байдаг юм байна. Улаанбаатар хот орчимд морь унах, хүүхдүүдээ морь унуулж сургах, монгол ахуйдаа ойртуулах газар байдаггүй. Байгууллага хамт олноороо очиж олуулаа морь унах гэхээр олон морьтой, зохион байгуулалттай газар байдаггүй зэрэг санал хүсэлт их ирсэн. Энэ дагуу бид 20-иод хоног туршилт хийж үзлээ. Болмоор юм байна. Байгалийн түр зуурын хуурайшилттай холбоотой зогсоосон байгаа. Баяр наадмын дараа энэ ажлаа эрчимжүүлнэ. Байгууллага хамт олноороо, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ Хүй долоон худагт очиж морь унаж болно. Морь унаж чаддаггүй хүмүүст морь унах сургалт явуулна. Унаж чаддаг хүмүүсийн дунд тав, арав, 15 километрийн алслалттай морин аяллыг тодорхой хугацаатай тогтмол зохион байгуулна. Морь уналгын ажилтай холбоотойгоор сонирхолтой зүйлс гарч байна. Анх морины тухай ойлголтгүй зурагтаар үзэж байсан хүүхэд манай төв дээр ирж, морины тухай ойлголттой болж, морин дээр дахин мордох сонирхолтой байгаа нь цөөнгүй байсан. Ийм учраас бид морь унуулах ажлыг зохион байгуулж байгаа. Сургалтын төвийн төсөл амжилттай хэрэгжвэл бид цаашдаа морин цирк, үзүүлбэр, харваа, адал явдалт аялал зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
-Сургалт зохион байгуулах боловсон хүчин, аюулгүй байдал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
-Энэ хөтөлбөрийг манай байгууллага дангаараа явуулж чадахгүй учир төрийн бус байгууллагатай хамтарч байгаа. Уяачид мөн морь малтай ойр байдаг хүмүүс энд морьдоо оролцуулж байгаа. Морины эмээл хэрэгслийг мөн төрийн бус байгууллага гаргаж байна.
Боловсон хүчний тухайд морьтой ойр өссөн залуус үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа. Монголынхоо хилийг морьтой тойрч аялсан дөрвөн залууг ахалсан Батчулуун энэ төслийг хариуцан ажиллаж байна. Тэгэхээр бид боловсон хүчний тал дээр санаа зовох зүйлгүй гэж бодож байна. Аюулгүй байдлыг ч хангаж чадна. Түүнчлэн морио бид хаваржин сургалаа. Хүй долоон худагт ногооны гарц муу байсан учир өнгөрсөн өдрүүдэд Тэрэлжид морь уналгын ажлаа захиалгаар зохион байгуулсан. Аялал жуулчлалын газруудаас захиалга их өгч байна.
-Өнгөрсөн жил цанын баазыг туршилтаар ажиллуулсан. Энэ ажлаа өргөжүүлэн, сайжруулах тал дээр яаж анхаарах вэ?
-Хүй долоон худагт морь уралддаг гэдгийг хүн болгон мэднэ. Харин цана, чаргаар уралдах тухай хэн ч өмнө нь бодож байгаагүй. Үүнийг бид хийсэн. Энэ бол эхлэл. Хотын даргын дэмжлэгээр бид цанын бааз байгуулахаар концессын жагсаалтад оруулаад байгаа. Ингэснээр “Sky resort” шиг цана чарга, үзвэр үйлчилгээтэй цанын бааз бий болно. Тэр болтол өнгөрсөн жилийн адил аж ахуйн аргаар баазын үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Гэхдээ сайжруулахыг оролдож байгаа. Энэ жилийн хувьд цагийг уртасган, үйл ажиллагаагаа эрт эхлэхийг зорьж байна. Шөнө гулгах боломжтой болж байгаа нь энэ жилийн онцлог.
-Цаашдаа бусад улиралд ямар ажил зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Хүй долоон худагт Улсын наадмаа хийхээс гадна хүүхдүүдээ агаар салхинд гаргах, хоол идэх, хөгжим сонсох, хүсвэл хонодог орчин бүрдүүлэхийг зорьж, төлөвлөж байгаа. Мөн ялангуяа үндэсний спорт, урлаг, уламжлалт соёлын түүхт баримлуудыг хийхээр зорьж ажлуудаа эхлээд байна. Тухайлбал, дөрвөн жилийн өмнө хоёр том үзүүлэлтээр Гиннест бүртгүүлсэн. Үүнд 10 гаруй мянган морь жагсан, дөрвөн мянга гаруй морь уралдсан. Энэ Гиннесийн амжилтад зориулсан хөшөө Хүй долоон худагт баригдана, хүмүүс энд үзэх юмтай болно. Мөн монгол наадмын музей байгуулах, өвлийн утаа эхлэхээс урьтаж намрын цагаар хүүхэд, нялхаст зориулсан сувиллын төв байгуулах, ажиллуулах гэсэн төслүүд судалгааны шатанд явж байна.
-Газрын хувьд ямар хэмжээний талбайг хамарч байгаа вэ. Газрын маргаантай асуудлууд байгаа гэсэн. Үүнийг хэрхэн шийдэж байна вэ?
-“Монгол наадам цогцолбор”-ыг анх байгуулахад 12 мянга 582 га газар олгосон. Энэ газраа Засгийн газрын 2015 оны тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан юм. Гэсэн ч 2016 оны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 13 мянга гаруй га газарт бүтээн байгуулалт хийхээр төлөвлөгдсөн. Үүнтэй хобоотойгоор зарим газарт хилийн маргаан гарсан. Мөн өнгөрсөн дөрвөн жилд цогцолборын газар дээр Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгаас газар олгосон асуудлууд байгаа. Олгосон газрууд дээр хашаа барих, айл буулгах, газар шорооны ажил хийсэн. Хотын даргын захирамж баяр наадмын өмнө гарах болов уу гэж найдаж байна. Ингэвэл Сонгинохайрхан дүүргийн өмнөх Засаг даргын олгосон хууль бус газруудыг хүчингүй болгож цуцална. Цөөнгүй айлууд ялангуяа аж ахуйн нэгжүүд авсан газар дээрээ тохижилт хийх, байшин барих, худаг гаргах болон газар шорооны ажлуудыг хийсэн байсан. Энэ бүхэнд төрийн байгууллагын шугамаар мэдэгдэл өгч заримтай нь уулзаж байгаа. Энэ асуудал дээр иргэд аж ахуйн нэгжүүд ухамсартай хандаж Монгол түмнээ наадамлах боломжоор хангаж, газрыг нь чөлөөлж өгөх байх гэдэгт итгэж байгаа.
-Улсын баяр наадмын “Хүй долоон худаг” дахь бэлтгэл хэр хангагдаж байгаа юм бол?
-Улсын баяр наадын бэлтгэл ажил хийгдээд, цэгцэрч байна. Энэ сарын 6-нд Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан баяр наадмын төв комисс Цэнгэлдэх болон Хүй долоон худагтай биечлэн танилцаж, ажлын биетүүдийг эцэслэн хүлээж авна. Хүй долоо худгийн тухайд хуурайшилттай байсан боловч сүүлийн хэд хэдэн борооны дараа ногооны гарц сайжирлаа. Тохижилтын бэлтгэл ажил ерөнхийдөө дуусч байна. Холбоо харилцаа болон зам, дэд бүтэц, суваг шуудуу гаргах, замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээ зэрэг баяр наадамтай холбоотой бэлтгэл ажлууд хийгдээд явж байгаа.
-Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд үүлэнд зориудаар нөлөөлөх хүсэлт тавьсан гэсэн. Ер нь баярын өдрүүдээр тоосжилтыг дарах ямар арга хэмжээ авах вэ?
-Нэг хэсэг хур бороо орохгүй Улаанбаатар хот орчим хуурайшилттай байлаа. Хүй долоон худагт мөн ялгаагүй хуурайшилттай, шороо босох, гарсан өвс ногоо ургахгүй байх зэрэг үзэгдэлтэй байсан. Тиймээс Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд захиалга өгч үүлэнд зориудаар нөлөөлөх ажил зохион байгуулсан. Энэ ажил ч үр дүнтэй болж Хүй долоон худагт ургамал ногооны гарц сайн байна. Улаанбаатарт орж байгаа бороо ч мөн энэ ажлын үр дүн. Түүнчлэн Хүй долоон худгийн хувьд задгай тал дээр байрлалтай учир салхи ихтэй мөн ихэнх зорчих хэсгүүд байгалиараа учир морь, автомашин, олон хүний хөлд шороо босч, сул шороо хийсдэг. Бид байгалийн хураас гадна өөрсдийн хүчин чадлаар газраа услах, чийгшүүлэх, тоосжилт үүсгэхгүй байх тал дээр анхаарч байгаа.
-Худалдаа үйлчилгээ явуулах аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулсан бэ?
-Худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг өгөөд эхэлсэн. Баяр наадмын авто зогсоол, урилга, мандат тэмдэглэгээг Баяр наадмын комисс өгдөг. Үүнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулна. Энэ жилийн хувьд гарах худалдаа үйлчилгээний хуушуур болон хүнсний худалдааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар эрхлэн зохион байгуулахаар тогтсон. Харин соёлын бараа буюу гар урлал, бэлэг дурсгал, хүүхэд багачуудад зохиулсан тоглоом, үзвэр үйлчилгээг манай “Монгол наадам цогцолбор” эрхлэн зохион байгуулахаар болж, зөвшөөрөл өгч эхлээд байна. Тодорхой болзол, шалгууруудыг тавьсан. Болзол шалгуурт нийцсэн аж ахуйн нэгж иргэнд зөвшөөрлийг нь олгож байгаа. Хуушуурын 200, худалдаа үйлчилгээний 95 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгоно. Нийтдээ 300-350 орчим аж ахуйн нэгжид хүнс болон худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгох юм.
-Өмнөх жилийн баяр наадмын зохион байгуулалт дээр нэмж ямар ажлууд хийгдэх вэ?
-Бид наадамчдад ая тухтай байдал бий болгох, сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Хүй долоон худагт наадамчдын бие засах үйлчилгээ хүндрэлтэй байдаг. Энэ нь иргэдийг бухимдуулдаг байсан. Тиймээс энэ жил хотын ерөнхий менежертэй ярилцаад зургаан бие засах байгууламжийг нэмж барьж байгаа. Мөн хур бороо их үед шавар шавхай их болдог. Иймээс жалга, шуудуугаар явахад хүндрэл багасгах үүднээс гүүрэн гарцуудыг шинээр хийж байна. Түүнчлэн худаг усны хүрэлцээг нэмэгдүүлж наадмын төв хэсэгт худаг гаргаж байгаа.
Худгаа гаргаж дуусаад усыг шууд унданд хэрэглэж болох эсэхийг лабораторийн шинжилгээгээр шалгуулна. Мөн хамгийн гол зүйл болох наадамчдыг аюулгүй байлгахад анхаарч цагдаагийн болон хамгаалалтын байгууллагатай хамтарч байна. Түүнчлэн хурдан морины уралдааныг аль болох олон хүнд хүртээмжтэй байлгах, соёл урлагийн арга хэмжээ явуулахаар төлөвлөж байгаа.
Үндэсний шуудан сонин /2017.07.05/
Б.Номин