БАЯР НААДМААР МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ГАР УРЛАЛ, БЭЛЭГ ДУРСГАЛ, ХӨДӨЛГӨӨНТ ТОГЛООМЫН ЧИГЛЭЛЭЭР ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО

Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээг хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар болоод байна.
Баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 210, худалдааны 110, Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 400, худалдааны 100 зөвшөөрлийг зөвшөөрөгдсөн цэгт олгохоор болсон. Худалдааны цэгээр хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа, айраг, зайрмаг, бэлэг дурсгалын зүйлсийн худалдаа, гэрэл зургийн үйлчилгээ үзүүлэх аж. Энэ жилийн хувьд хоол үйлдвэрлэл явуулах зөвшөөрлийг зөвхөн аж ахуйн нэгжид олгох юм байна.
Хүй долоон худгийн Соёл, урлагийн талбайд Монгол наадам цогцолбороос гар урлал, бэлэг дурсгалын 50 зөвшөөрөл, хөдөлгөөнт тоглоомын 40 зөвшөөрөл, кофе шопын 5 зөвшөөрлийг зөвшөөрөгдсөн цэгт олгож байршлыг хариуцаж хэвийн үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах юм. Зөвшөөрөл хүссэн материалыг энэ сарын 16-27-ны өдрийн хооронд хүлээн авах юм. Хүлээн авсан материалыг 6 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж, 30-ны өдөр олон нийтэд нээлттэй мэдээлэл өгнө.
Зөвшөөрөл олгосон газруудад 7 дугаар сарын 7-ны өдөр семинар зохион байгуулж, анхаарах зүйл, тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өгч, зөвлөмж, сэрэмжлүүлгээр хангаж ажиллана. Зөвшөөрөл авсан аж ахуй нэгж, иргэдийн худалдаа, үйлчилгээ эрхлэх байршил олгох ажлыг 7 дугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худагт зохион байгуулна.
Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:
 Гар дээрээс ил задгай болон барааны төвлөрсөн худалдаа эрхлэх;
 Согтууруулах ундаа болон тамхи худалдах;
 Майонез, өндөг, крем, хиам болон тэдгээрийг оролцуулсан, түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах;
 Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;
 Шорлог, хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;
 Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;
 Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах;
 Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг тус тус хориглох аж.
Зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгж иргэдэд хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж зэргийг хураан авч зохих арга хэмжээг авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *