Их хүрээ нь 1719-1779 онд нийт 21 удаа нүүж байжээ. Их хүрээ анх жилдээ хэд нүүж байсан бол сүүлдээ сум дуган зэрэг олон барилгатай нүсэр болж, тэр бүр нүүж явахад төвөгтэй болсон тул нэг газар 5-10 жил суурин суух болсон байна. Үүнээс 2 удаа буюу 1736-1740 оны хооронд 4 жил, 1772-1778 оны хооронд 6, нийтдээ 10 жил одоогийн Хүй долоон худагт буурь сэлгэн суусан байдаг.
Энэ тухай “Монгол улс Нийслэл Улаанбаатар он дарааллын бичиг номд” болон “Эрдэний эрхи” Өндөр гэгээний намтар зэрэг зохиолуудад дурдсан байдаг.
Галдан туслагчийн 1841 онд зохиосон “Эрдэний эрхи” зохиолд газрын нэрийн хувьд Их хүрээ нь “Мандал”, “Хүй мандал” гэх газарт дурдсан онуудад оршиж байсан гэж тэмдэглэсэн байх ба Өндөр гэгээний намтарт: “… Тэнгэрийн тэтгэсэний гучин долдугаар он хар усан луу жил Номын их хүрээг Хүй мандалд байгуулав. Хүрээ арван гурван аймаг байсан буй. Энд долоон он болж…” гэх зэргээр тэмдэглэжээ. Үүнийг батлах бас нэгэн жишээ бол Хүрээг Сэлбийн газарт нүүлгэхийг гуйж өргөсөн айлтгал бичиг Монгол улсын үндэсний төв архивт хадгалагдаж байна.
Их хүрээ суурьшиж байсан гэх Мандал, Хүй мандал гэх газар нь одоогийн аль газар болох тухай судлаачид тодорхойлжээ. Тухайлбал О.Пүрэв: Одоогийн Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших Хүйн нуурын хавьд, Мандалын голын зүүн гарт Хар үзүүр, О.Сүхбаатар: Одоогийн Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хүйн голын эхэнд Хүйн нуурын баруун дэнжид гэсэн бол Ж.Гэрэлмандах: 1736- 1740 онд Их хүрээ байршиж байсан “Мандал” гэх газрыг О.Пүрэвийн тайлбарыг дагасан боловч 1772- 1778 онд бууж байсан “Мандал”, “Хүй мандал” гэх газрыг одоогийн Хүй долоон худаг мөн хэмээн тус тус тайлбарлажээ.