“МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР” ОНӨТҮГ-ЫН ОРЛОГЧ ДАРГА Я.БОЛДБААТАР:

“Нийслэлчүүд өвлийн улиралд эрүүл, цэвэр агаарт амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчноор дулимаг байдаг. Хүй долоон худаг бол цэвэр агаартай зам харгуй дэд бүтэц харьцангуй тавигдсан улсын наадмын хурдан морины уралдаан болдог газар. Энэ газрыг жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаатай болгохоор “Монгол наадам цогцолбор”-ын хамт олон зорин ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд “Ub resort” цанын баазыг байгуулан Нийслэлчүүддээ үйлчилсэн. Тус цанын баазаар өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд 30 мянга гаруй хүн үйлчлүүлсэн байдаг. Энэхүү цанын баазын үйл ажиллагааны талаар болон Монгол наадам цогцолборын цаашдын зорилго, зорилт, шинээр хийгдэх төсөл хөтөлбөрүүдийн талаар тус байгууллагын Орлогч дарга Я.Болдбаатартай ярилцлаа.

Гал тахиа жилийг “Монгол наадам цогцолбор”-ын хамт олон ямар ажил, амжилтаар угтаж байна вэ.

“Монгол наадам цогцолбор”-ын хамт олон бол Төрийн ёслол, улсын баяр наадам, спортын уралдаан тэмцээн, бусад арга хэмжээг зохион байгуулан ард түмэндээ үйлчилдэг ийм байгууллага. Гарч буй гал тахиа жилдээ байгууллагын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх үүднээс “Монгол наадам цогцолбор”-ын удирдлага Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай үр дүнгийн гэрээг, Төсвийн болон эд хөрөнгийн зохистой ашиглалт түүнийг хэрэгжүүлэх талаар өмчийн газартай контракт гэрээг тус тус амжилттай байгууллаа. Монгол наадам, монголчуудын оюуны өвийг олон нийтэд сурталчлан таниулах, дэлгэрүүлэх, өвлүүлэх үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлэх үүднээс ЮНЕСКО болон Жороо морины холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулах зэрэг үйл явцууд өрнөж байна.

“Монгол наадам цогцолбор”-оос санаачилсан цанын баазын төсөл Хүй долоон худагт амжилттай хэрэгжиж нийслэлчүүдийн амрах, аялах газар нэгээр нэмэгдлээ. Яг ямар үйлчилгээг иргэдэд үзүүлэв.

Төр, хувийн хэвшилтэй хамтарч иргэд эрүүл агаарт амардаг, аялдаг шинэ замыг нээлээ. Нийслэлчүүд цана, чарга, тэшүүр гулгах, морин чаргаар зугаалах тэр боломжийг гаргалаа.Мөн Хүй долоон худагт өвлийн спортыг хөгжих боломжтой гэдгийг цанын баазын үйл ажиллагаагаар харууллаа.

Аливаа сайн зүйлийн ард байнга шүүмж явж байдаг. Танай байгууллагын хувьд хувийн хэвшлийн хийх ажлыг төр булаацалдлаа гэх шүүмжид өртсөн.

Төр иргэддээ зайлшгүй үзүүлэх үйлчилгээ гэж байдаг. Монгол наадам тэр үйлчилгээг шинэ замаар шинэ газар санаачлан хэрэгжүүллээ. Цанын баазын өдөр тутмын үйл ажиллагаа буюу цана, чарганы түрээс болон иргэдэд хандсан бусад үйлчилгээг нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хийж гүйцэтгэсэн.Тухайлбал “Автогидросервис” компаний залуучууд цанын баазын үйл ажиллагааг зохион байгуулан хамтарч ажилласан.

Цанын баазын үйлчилгээг хувийн хэвшлийнхэн үзүүлдэг гэлээ. Та бүгд ямар шалгуур тавьж, яаж хамтарч ажиллаж байна вэ?

Иргэд олон нийтэд хүртээмжтэй, аюулгүй үйлчилгээг үзүүлэх нийгмийн хариуцлагаа ухамсарласан хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж байна. Цаашид ч ийм байгууллагуудтай хамтран ажиллахаар зорьж байгаа. Хүй долоон худаг дахь цанын баазад хөрөнгө оруулаад иргэдийг эрүүл агаарт амрах боломжийг олгож байгаа тус аж ахуйн нэгжийн хамт олон бол улс орны эдийн засаг хямралтай байгаа энэ цагт өвлийн спорт, аялал жуулчлалыг дэмжиж ажилласан гэж бид ойлгож байгаа.

Монголчууд нэг шинэ ажил санаачлан эхлүүлчихээд цаашид тогтвортой авч явах тал дээрээ дулимаг ханддаг юм шиг харагддаг л даа. Ингэж хэлж байгаагийн учир нь цанын баазын ирээдүйн хөгжил, хэтийн төлөвийн талаар сонирхож байна л даа.

Хүй долоон худаг бол хотын төв цэгээс 35 км-ын зайд байрладаг эрүүл цэнгэг агаартай, уужуу тавиу газар нутагтай, харьцангуй дэд бүтэц хөгжсөн аялал жуулчлал, тэр дундаа өвлийн спортыг хөгжүүлэх бүрэн боломжтой газар гэдэг нь өнгөрсөн өдрүүдийн “Ub resort” цанын баазын үйл ажиллагаанаас харагдлаа. Нөгөө талдаа нийслэлчүүдэд туйлын чухал зүйлийн нэг бол эрүүл агаар. Хүй долоон худаг бол их хотынхоо салхины дээд талд байрладаг учир цэвэр агаартай гээд олон сайн талуудтай. Тэгэхээр орчин үеийн цанын баазыг Хүй долоон худагт байгуулах бол зүй ёсны шаардлага юм. Цанын баазын байршлын талаар олон талаас нь бодолцож, маш зөв төлөвлөлтийг хийх хэрэгтэйг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр цугларсан олон нийтийн тоо харуулсан. Нэг доор цугларсан олон мянган хүнд тал талын үйлчилгээг цаг алдалгүй хүргэнэ гэдэг бол амаргүй ажил. Хүй долоон худгийг хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд цанын баазын байршлыг хийхдээ авто машины зогсоол болон бусад зүйлээс нь хол тусгасан байдаг. Энэ мэт байдлыг засахын тулд Хүй долоон худгийг хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол оруулах шаардлагатай байгаа.

Энэ ажлаараа та бүхэн “Монгол наадам цогцолбор” бол жилд гурван өдөр наадам хийдэг байгууллага биш юм гэдгээ харууллаа. Байгууллага ямар чадамжтай болов, ямар хүндрэл бэрхшээл тулгарч байв?

Өмнөх жилүүдэд дун цагаан цасан дунд чив чимээгүй байдаг тал хөндийг олны хөлөөр сэрээсэн зүйлийн нэг бол яахын аргагүй цанын бааз юм. Хүй долоон худагт өглөө бүр шинэ амьдрал, шинэ үйл явдал эхэлдэг болсон. Монгол наадмын хамт олны хувьд бэрхшээл хүндрэл гэхээсээ илүүтэй аливааг хийж бүтээх гэсэн чин эрмэлзэл хамт олны дунд бий болсон. Тухайлбал хийж бүтээсэн бодит ажлаасаа урам авч ажиллаа гэсэн үг. Энэ бүгдийн үр дүнд байгууллага хамт олон чадваржиж шинэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх баг хамт олон бүрдсэн.

Цаашид “Хүй долоон худгийг жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаатай үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын төв болгохоор зорьж байгаа. Боловсон хүчний чадавх, чадамжид хэрхэн анхаарч байна вэ.

Ажилчдынхаа мэдлэг чадвараа дээшлүүлэх, ажлын байрныхаа шаардлагад нийцсэн хүний нөөцтэй байх үүднээс олон ажлыг санаачлан хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал Говьсүмбэр аймаг дахь Монгол Улсын уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежид 15 хүнийг нарийн мэргэжлийн сургалтад сургалаа. Одоо цагт техник технологи өдөр тутам өөрчлөгдөж байдаг учир шинэ төсөл хөтөлбөр хэрэгжихэд хэний ч царайг харахгүй байх үүднээс маркетингийн чиглэлийн сургалтыг ажлын байран дээрээ авч ажилчдаа хамруулан сургаж байна. Эрх зүйн чиглэлээр магистрийн сургалтад залуучуудаасаа сургах, ижил төстөй үйл ажиллагаа явуулдаг гадны аялал жуулчлалаас байгууллагаас үлгэр жишээ авах зэргээр Манжуурт ажилчдаасаа явуулах зэргээр ажиллаж байна даа.

Урин дулааны улирал эхэлж байна. Шинээр ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

Морин уналгын төвийг байгуулахаар бэлтгэл ажлаа базааж байна. Уламжлалт морь уналга бол хүний эрүүл мэнд талаасаа ч, өнөө цагийн залуучуудын сонирхол талаасаа ч Хүй долоон худагт байх ёстой аялал жуулчлалын бүтээгдэхүүн юм. Монгол хүн бүр моринд хайртай шүү дээ. Дэлхийн талыг монгол мориороо туулсан дээдсийн их түүхтэй өнөөгийн Монголчууд мориноосоо буугаад моторт хөлөг унах болсон. Гэтэл өвгөдөөс үлдээсэн нүүдэлчдийн их соёлын нэг хэсэг бол монголчуудын адуу эдлэх соёл юм. Энэ ахуй соёлоосоо өдөр бүр холдож байгааг хэн хүнгүй ярих болсон. Бид ярих биш хийх ёстой.

Саяхан “Монгол наадам цогцолбор” Монголын Үндэсний Жороо Морин Спортын Холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Хүй долоон худаг өөрөө хурдан морины уралдаан болдог газар гэдэг утгаараа Жороо морины холбоотой хэрхэн хамтран ажиллахаар төлөвлөж байна вэ?

Монголын эрийн гурван наадам маань монгол хүний, монголчуудын оюуны болоод эдийн соёлын хамаг л сайн сайхныг нэг доор цуглуулдаг онцлогтой баяр байдаг. Хүүхэд байхад манай нутгийн хүмүүс сумын наадмаараа сайхан жороо морь унаж нааддаг байлаа. Одоо энэ байдал бас л байхгүй болж алдагдах болсон. Жороо морины холбооны энэ залуус өв соёл, уламжлал, зан заншлаа авч үлдэх гээд зүтгэж буй хүмүүс юм билээ. Эдгээр залуусаар дамжуулан жороо морины уламжлалыг хадгалан авч үлдэх бол хүн бүрийн үүрэг нь байх. Энэ үүргийнхээ хүрээнд санамж бичиг үйлдэн хамтран ажиллаж байгаа.

“Дүнжингарав” хурдан морины уралдаан Хүй долоон худагт зохион байгуулагддаг. Танай байгууллага энэ уралдааны зохион байгуулалтад оролцдог байх.

“Дүнжингарав” уралдаан нь жил бүрийн хаврын эхэн сард Монгол улсын засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагддаг уламжлалт уралдаан. Монголчууд өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны их баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хавар цагт морь уралдуулдаг уламжлал байсан. Энэ уламжлал өдгөө цагт улам бүр дэвжиж, хаврын эхэн сард хурдан морины уралдаан нутаг нутагт өргөн дэлгэр болдог болжээ. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ бол төрийн өмнө энэ ажлыг хариуцдаг тул өөрт оногдсон үүргээ биелүүлэх ёстой. Мөн “Монгол наадам цогцолбор”-ын нутаг дэвсгэр дээр уг уралдаан зохион байгуулагддагаараа онцлогтой

Орхиж болохгүй нэг асуулт байна. Олон улсын стандартад нийцсэн морин тойруулгыг Хүй долоон худагт байгуулахаар төлөвлөсөн байдаг.Энэ талаар.

Монгол Улсад морин тойруулгыг байгуулах гэдэг бол цоо шинэ нийгмийн үзэгдэл юм. Морин тойруулга бол ажлын байр ихээр нэмэгдүүлдэг салбар. Бас аялал жуулчлалыг татдаг гол бүтээгдэхүүн гэдгээрээ монголчууд бид олон талаас нь сайн бодох хэрэгтэй. Хүй долоон худгийн инженерийн байгууламж,дэд бүтэц хэрхэн шийдэгдэж байна. Хүй долоон худагт хэрэгжих бүтээн байгуулалтын инженерийн байгууламжийн зураг төслүүд хийгдсэн, зарим нь дуусах шатандаа алхам алхмаар урагштай явж байна. Бид цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа.

Бидний урилгыг хүлээн авч ярилцсан таньд баярлалаа.

За баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *