Бөхийн барилдаан нь Монголын үндэсний баяр наадмын хамгийн гол хэсэг юм. Монгол бөхийн барилдах ёс журам нь зөвхөн хоёр биеийн хүч чадал, авхаалж самбаа сорих биеийн тамирын тулааны зориулалтаас гадна зан үйл, урлагийн зүйлстэй ихэд хосолсон байдаг. Энэ нь барилдахын өмнөх болон дараах гараа, дэвээ зэрэг ёслолын хөдөлгөөн, барилдах журам, хувцас өмсгөлөөс тодорхой харагдана. Эдгээр нь олон зуун жилийн турш боловсрон хөгжиж ирсэн бөгөөд цөм гүн гүнзгий учир утга дэг ёстой. Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас өмсгөл юм. Монгол ардын тууль “Эрийн сайн хан харангуй”-д “буурын арьсан зодог, бухын арьсан шуудаг” гэж гарч буй нь эрт цагт зодог шуудгийг ямар нэг хүч тэнхээтэй гэгдэх амьтны арьс ширээр хийж байсны гэрч юм. Хожим бөхийн өмсгөл улам гоёмсог, боловсронгуй болж иржээ. Одоогийн бөхийн өмсөх хувцас нь 1. Малгай 2. Зодог, 3. Шуудаг, 4. Гутал, 5. Оймс, 6. Гутлын боолт юм. Зодог, шуудаг нь барилдахад барьц болдог төдийгүй биед яв цав тохирч байдгаараа барилдахад аятайхан, хөнгөн, бөх хүний булчин шөрмөслөг бие бялдрын гоо сайхныг харуулах зориулалттай, тэрчлэн барилдахдаа дээл хувцсаа урж таслах явдлаас гэтэлгэсэн өмсгөл юм. Тэгвэл эртний баатрын дуулга хэлбэрт малгай өмсдөг нь монгол бөх үндэсний цэрэг эрсийн хүчин чадал авхаалж самбааг сорин шалгаруулах тулаан тэмцээн болсоор ирснийг харуулж байдаг. Мөн барилдахад суурьтай, хөлөөр мэх хийхэд аюул осол багатай тул бөхчүүд одоо ч үндэсний монгол гутал өмссөөр байна. Оймсыг монгол цагаан эсгийгээр хийж өмсөх нь хөл мэх хийхэд бэртэхгүй зөөлөвчийн ач холбогдолтойгоос гадна гутлын түрийнээс дээш гарсан хэсэг буюу оймсны харааг үндэсний чамин хээ угалзаар чимсэн байх нь бөхийн гоо сайхныг улам нэмдэг. Мөн гутлын боолтыг бас ингэж чимэглэдэг. Монгол бөхчүүд барилдахдаа жин, насны ялгааг үл харгалзах бөгөөд тохой, өвдөг, толгой, биеийн аль ч талаар газарт хүрвэл унасанд тооцдог билээ. Улсын баяр наадамд 256, 512, 1024 бөх, орон нутгийн чанартай наадамд 32, 64, 128, 256 бөх барилддаг байна. Ингэж барилдахдаа наран мандах зүүн талын магнайд хамгийн дээд цолтой бөх, баруун талын магнайд түүний удаах цолтой бөх гарч, энэ мэтээр баруун, зүүн талд цолны дэс дарааллаар тус бүр 16 бөх, 16 засуулын хамт гарна. Цолтой бөхчүүд тус тусын оноосон ам угтуул бөхтэй барилдах учиртай. Наадмын эхний хоёр даваанд цолтой бөхтэй барилдах ам угтуулыг оноолтоор тааруулдаг бол гурвын даваанаас эхлэн хамгийн их цолтонгоосоо эхлэн барилдах бөхөө дураар сонгон амлан авч барилддаг. Барилдах бөхийн малгайг засуул нь авч нэр алдрыг нь дуудахад тэрээр бүргэд, харцага, шонхор, үлгэр домгийн шувуу хангарьдын нисэх хөдөлгөөнийг дүрслэн дэвэн дэлсээр барилдах газраа очно. Бөхийн дэвэх байдлыг хуучны сурвалж бичигт бичихдээ “Хоёр гар нь гарьд хэмээх үлгэрийн шувууны дэвэлтээр дэвж яваа мэт, цээжин бие нь арслангийн адил маягтай байна” гэсэн байдаг. Ингээд барилдах бөхчүүл аль аль нь арслан, заан мэт аугаа хүчит амьтныг дүрслэн барилдахаар өрж, улмаар биеийн хүч самбаагаа сорилцох хөл, гарын янз бүрийн уран мэхийг уралдуулан хийж өрсөлдөн барилдана. Энэ үед хоёр талын засуул тус тусын бөхөд байнга зөвлөгөө өгч, нөгөө бөхийн сул тал, ямар мэх хийх гэж байгаа, ямар мэх хийвэл нөгөө бөх амархан унамаар байгаа зэргийг өөрийн бөхөд янз бүрийн уран цэцэн, нууц далд утгаар хэлж өгдөг. Засуул хүн өөрөө барилдаж явсан, олон төрлийн мэх сайн мэддэг, бөхийн цол гуншинг дуудаж чаддаг хүн байх шаардлагатай. Мөн бөхийн цэц хөлийн сайд хөл шүүмжлэгч, гарын даа гэж нэрлэгдэх хэсэг хүмүүс талбайн өмнө талд тусгай асарт сууцгаан бөхийн барилдааныг шүүнэ. Эдгээр нь олон жил барилдсан, туршлагатай, хамгийн нэр хүндтэй, нүүр тал хардаггүй шударга бөгөөд нас ахиж барилдахаа хүмүүс байдаг бөгөөд барилдаанд элдэв маргаан гарвал шүүн тасалдаг. Барилдаад дийлсэн бөх нь дэвэн гурвантаа ёслоод унасан бөх дээр ирж монгол ёсоор золгож тахим авах буюу тоос буулгах ёс хийдэг. Унасан бөх ойчсоноо мэдэгдэхийн дохио болгон зодогныхоо бүсийг тайлж тахимаа өгнө. Харин унаагүй гэж үзвэл элэг бүсээ тайлалгүй өөрийн засуулын ард орж зогсон засуулаа хөлийн цэц рүү маргаан таслуулахаар явуулдаг. Барилдаад давсан бөх нь унасан бөхөөс тахим авах ёслол хийсний дараа засуулаасаа малгайгаа авч өмсөн барилдахын өмнөхийн адил дэвэн дэлсээр наадмын төв асрын өмнөх туг сүлдийг тойрон дэвж ёслол хийдэг бөгөөд асрын өмнө байх том цар тавагт буй идээ боорцогноос авч амсаад дээш цацлан уул усны эзэд, лус савдагт өргөн баярлуулдаг бэлгэдлийг хийдэг.
“Монголын үндэсний биет бус соёлын өв” ном.