НИЙСЛЭЛИЙН ЦАСНЫ БАЯР АНХ УДАА ХҮЙ ДОЛООН ХУДАГТ БОЛОВ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдын уламжлалт цасны баярыг анх удаа “Монгол наадам цогцолбор”-ын Хүй долоон худаг дахь “UB resort” цанын баазад 2017 оны 02 сарын 04-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Цасны баярт нийслэлийн харьяа 200 байгууллага, 6 дүүргийн албан хаагчид оролцов. Нийслэлийн цагдаагийн байгууллагаас 14 мянга орчим хүн, 4 мянга орчим тээврийн хэрэгсэл оролцсон талаар мэдээлэв. “Монгол наадам цогцолбор”-ын хамт олон Нийслэлийн иргэдийг эрүүл агаарт амрах, аялах таатай боломжийг бүрдүүлэх, мөн Хүй долоон худагт өвлийн спортыг хөгжүүлэх үүднээс 2016 оны 12 дугаар сард “UB resort” цанын баазыг байгуулан ажиллаж байгаа билээ. Тус цанын бааз нь байгуулагдсан нэг сарын хугацаанд 15 орчим мянган Нийслэлчүүддээ үйлчилээд байна.. Цасны баярын нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Ж.Батбаясгалан Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл нарын албаны хүмүүс оролцон, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгө болон дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа нээлтийн бамбарыг асааж, Морин спортын тоглолт, байгууллагуудын дундах цасны бүжиг, мөсөн хотхон байгуулах тэмцээн уралдаанууд зохион байгуулагдав. Хотын дарга цасны баярыг нээж хэлэхдээ: ..Хүй долоон худагт өвлийн спортыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Хүй долоон худагт улсын наадмын морь уралддаг биш жилийн 4 улиралд тогтмол үйл ажиллагаа явуулдаг, Нийслэлчүүдийг эрүүл агаарт амрах, зугаалах, үндэсний болон өвлийн спортыг хөгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм. Энэ хүрээнд “Мөнгөн Улаанбаатар” нийслэлийн цасны баярыг амжилттай зохион байгуулж байна хэмээн дурдлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *