“ХҮРЭЭ ЦАМ, ДАНШИГ НААДАМ” ХҮЙ ДОЛООН ХУДАГТ ЗОХИОГДОНО

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд иргэд, жуулчдад зориулсан Монголын уламжлалт соёл, зан заншил, шашин соёлын наадам болох “Хүрээ цам, даншиг наадам” өндөр гэгээний соёлын арга хэмжээг “Монгол Наадам Цогцолбор”-ын Хүй долоон худаг-т 8-р сарын 8-9ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. “Бат-Оршил өргөх ёслол буюу Даншиг наадмыг анх 1640 онд Их, Бага Монгол уул, Монгол элсний Ширээт цагаан нуур хэмээх газар Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Монголын шашны тэргүүн анхдугаар богд Жавзундамба хутагтын ширээнд өргөмжилсний баярт зориулан хийснээр Даншигийн түүх эхэлсэн гэдэг. Дашиг наадам бол тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас үүдэн шашны тэргүүн Богдод урт наслаж, удаан жаргахыг билэгдэн ерөөл өргөдөг нэгэн төрлийн шашны зан үйлийн цогц үйл ажиллагаа байсан байна. “Ардын засгийн наадмыг жил бүр хийдэг. Дөрвөн аймаг, шавь таван газраар хамтарсан долоон хошуу нийлж, Ширээд цагаан нуур хэмээх газраа ширээнд залж Даншиг өргөснөөр долоон хошуу даншиг гэж нэрлэжээ.
“Хүрээ цам” хэмээх шашны багт бүжгийг урьд Их хүрээнд цамнадаг байсан тухай эх сурвалжуудад тэмдэглэжээ. Их хүрээнд Жахар цамыг 1811 онд анх дэлгэн гаргажээ. Жахар цам 1811 онд Их хүрээнд анх тавигдаснаас хойш 1937 он хүртэл 127 удаа тавигдсан байна. Бат-Оршил өргөх ёслолд бол “ихэд яамлах хурах ёсоор” цам бараалхадаг байсан ажээ. Мөн Монгол цам нь бусад буддын шашинт улс орнуудын цамаас цамын дэг жаяг, дүр, хэмнэл зэргээрээ өвөрмөц болон хөгжжээ. Тухайлбал цамын гол дүрийн нэг болох Цагаан өвгөний дүр бол амар амгалан, сайн сайхан, эв нэгдлийг бэлгэдсэн зөвхөн Монгол цамд байх дүр аж.

2015 он “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн гарааны жил бөгөөд Өндөр гэгээн Занабазарын мэлмий нээсний 380 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Даншиг наадам”-ын уламжлалыг сэргээх, шашны болон соёлын томоохон наадам болгон, Монголын соёлын аялал жуулчлалын нэгдсэн томоохон үйл ажиллагаа болгон өргөжүүлэн зохион байгуулах боломж нээгдэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь нийт Монголчууддаа болон олон орны жуулчдад зориулсан байх бөгөөд шашин, соёл, уламжлалт зан үйл, Монгол агуулга, аялал жуулчлалыг сурталчилсан цогц үйл ажиллагаа байна.

Аймгуудын оролцоог хангаж, аймгийн цолтой бөхийн барилдаан, улсын наадамд айрагдаагүй 3 насны морьд уралдуулах, шилдэг айрагны амталгаат худалдаа, соёл, урлагийн шилдэгүүд, аймаг бүрийн байгалийн болон соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн сурталчлах Монголын аялал жуулчлалын хамгийн том бирж, үзэсгэлэн, наадам болох юм.
Тус наадмын зорилго нь нүүдэлчдийн соёлыг сурталчлах, уламжлалт шашны зан үйлийг сэргээх замаар аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах, Үндэсний баяр наадмын дараах шашин, соёл, аялал жуулчлалын томоохон фестиваль болон өргөжиж жил бүр уламжлал болон тогтоход оршино.

Зохиогдох үйл ажиллагаанууд:
– Хүрээ цам гарч байсан уламжлалыг сэргээж, Монголын цамын онцлогийг иргэд, жуулчдад үзүүлж, баримтжуулна.
– Шашны уламжлалт зан үйлийг үйлдэж, Монголын бат оршил өргөнө.
– Өндөр гэгээний намтар, уран бүтээлийг иргэд, жуулчдад танилцуулан уран бүтээлийн үзэсгэлэн гаргана.
– 21 аймгийн оролцоог хангаж, хамтран ажиллана.
– Аймаг бүрийн аялал жуулчлалын онцлог бүтээгдэхүүнүүдийг нэг дор сурталчилна.
– Аймаг тус бүрээс аймгийн цолтой 6 бөхийг барилдуулна.
– Аймаг тус бүрээс улсын наадамд айрагдаагүй Их нас, Соёолон, Жороо насны морьдыг оролцуулна.
– Аймаг тус бүрээс шилдэг урлагийн номерыг шалгаруулна.
– Аймаг тус бүрээс шилдэг айрагны амталгаат худалдаа явуулна.
– Аймаг бүрээс улсын цол хүртээгүй сур харваа, шангайн харваачдыг оролцуулна.

Соёлын арга хэмжээ:
– Умзад лам нарын тэмцээн
– Балин урлалын тэмцээн
– Улаанбаатар хотын шилдэг гар урлал, урлаачдын үзэсгэлэн
– Улаанбаатар хотын шилдэг урлагийн тоглолт “Сар хөхөө” дуулалт жүжгийг Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид тоглоно.
– Бусад уралдаан тэмцээн

Наадмын хоймор хэсэгт Очирваани шүтээнийг дэлгэн залсан байна. Очирваани шүтээнийг тахиж Монголын заяа буянг даатган ном айлдана. Очирваани шүтээний өмнө “Хүрээ цам” цамнах талбай, тайзыг бэлтгэсэн байна. “Хүрээ цам”-ыг иргэд, жуулчид үзэх боломжтой байдлаар, шашны дэг жаягийг алдагдуулалгүй цамнана.

МНЦ Маркетингийн хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *