Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын дарга Н.Батсүмбэрэл нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь шинжлэх ухааны болон төрийн өмчийн байгууллагын нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн Монгол үндэстний баяр наадам, нүүдэлчин ард түмнийхээ түүх, соёлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлэх чиглэлээр олон төрлийн төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллах зорилготой юм.

Санамж бичиг байгуулсны дараа Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл хэлэхдээ:
“Өнөөдөр Монгол Улсын шинжлэх ухааны академитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулснаар бүхий л үйл ажиллагаандаа эрдэмтэн судлаачдынхаа санаа бодлыг сонсож, хамтарсан байдлаар үндэсний спорт, соёл урлагийг хөгжүүлэх, цаашдын хандлагыг судлах зэргээр хамтран ажиллахаар болж байна. Монголчууд бид Хүй долоон худгийг Үндэсний Их Баяр наадмын хурдан морины уралдаан болдог газар гэдгээр нь маш сайн мэднэ. Энэхүү сайхан газар нутгийг бид жилийн 365 өдрийн 3 өдөрт нь наадам үзэх төдийгөөр үлдээх биш бусад цагт жилийн дөрвөн улиралд байнга ажиллагаатай байлгахыг зорьж байгаа. Тийм ч учраас манай байгууллага Хүй долоон худгийг Монголын Үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын томоохон бие даасан төв болгон хөгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэ бүх ажлын ард маш олон бүтээн байгуулалт байнгын тогтмол үйл ажиллагаанууд явагдана гэсэн үг. Тэр бүхнийг бид шинжлэх ухааны үндэслэлтэй, эрдэмтэн судлаачдынхаа санаа бодлыг сонсож, хамтран ажиллах болж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *