НИТХ дарга Ц.САНДУЙ, Нийслэлийн Засаг дарга С.БАТБОЛД нар “МОНГОЛ НААДАМ” сэтгүүлд мэндчилгээ дэвшүүллээ

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас эрхлэн гаргаж буй “Монгол наадам” сэтгүүлийн анхны дугаарт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэндчилгээ ирүүлсэнийг уншигч та бүхэндээ хүргэж байна.

МЭНДЧИЛГЭЭ

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын нийт, иргэд олон түмний амрыг айлтган мэндчилье.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага болохын хувьд нийт иргэдийнхээ үг, дуу хоолой, эрх ашгийг нэгтгэн илэрхийлж, төлөөлөн ажилладаг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн дүнгээр Монгол Ардын Нам олонхи болж, ирэх дөрвөн жилд их хотоо хөгжүүлэх хариуцлагатай үүргийг хүлээсэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн батлууллаа. Уг хөтөлбөр нь бүхэлдээ нийслэлийн иргэдийн ая тухтай аж төрөх орчинг бүрдүүлэх, хотын дэд бүтцийн хөгжлийг шинэчлэх, шинэ үзэл баримтлалаар Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд чиглэсэн болно.
“Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг Нийслэлийн иргэд 2016 оны сонгуулиар Монгол Ардын Намд олгосон. Сонгогч олны итгэлийг тээсэн мөрийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсний тод жишээ нь “Монгол наадам цогцолбор”-ын санаачлан хийж буй “UB resort” цанын бааз юм. Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-ыг олон улсын жишиг, стандартад нийцсэн жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлал, үндэсний спорт, соёл урлаг, уламжлалт өв, бизнес, үйлчилгээний томоохон төв, амралт, жуулчлалын бүс болгохыг зорьж байна.
Олон түмнийхээ хийморь сүлд, эд баялаг, эрдэм ухаан, эрүүл мэндийг даатган буй дөрвөн хан уулынхаа энгэрт сэтгэл тэнүүн, итгэл дүүрэн, аз жаргалтай аж төрөхийн ерөөлийг нийслэлчүүд Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ц.САНДУЙ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *