“МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР” ЮНЕСКО-ГИЙН МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КОМИССТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГазрын дарга Н.Батсүмбэрэл ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс нь Монгол улс, ЮНЕСКО-ийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монголын нүүдэлчдийн соёл иргэншил, уламжлалт соёл, боловсрол, шинжлэх ухааныг гадаад ертөнцөд таниулах, эдгээр салбарын хөгжлийг хүн төрөлхтний нийтлэг ололт амжилт, өөрийн орны өвөрмөц онцлогийг харгалзан урагшлуулах үүрэг бүхий байгууллага юм.
Энэхүү санамж бичгийн гол зорилго нь ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын өв-үүдийг, тэр дундаа “Монгол наадам”-ыг болон Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монгол шагайн харваа, Хөөмийн урлаг, Бий биелгээ, Уртын дуу зэрэг өв-үүдийг “Монгол наадам цогцолбор”-ын үйл ажиллагаагаар дамжуулан олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, мөн Монгол наадам цогцолборын ажилчдын чадавхыг сайжруулах сургалт, семинар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад оршиж байгаа юм.

Санамж бичиг зурсны дараа “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл хэлэхдээ:

“Өнөөдөр бид ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисстой санамж бичиг байгууллаа. Үүний цаана Монгол наадам цогцолборын өнөөгийн төлөвлөсөн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, цаашид монгол наадмаар дамжуулан монгол хүнийг дэлхийд сурталчлах, монгол хүнээ хөгжүүлэх, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх ажилд олон улсын байгууллага, ялангуяа тэр дотор НҮБ-ын ЮНЕСКО-ийн Үндэсний комиссын чадавх, дэмжлэгийг авч ажиллахаар болж байгаа юм. Монгол наадам бол олон зуун жилийн тэртээгээс өвлөж ирсэн монгол хүнийг илэрхийлэх, мөн монгол ард түмнийг дэлхийд сурталчлан таниулах том соёлын өв юм. Нөгөө талаас Монгол наадам бол жилийн гурван өдөрт зуны цагт болдог баяр наадам гэж ойлгохоос илүүтэй Монголын ард түмнийг гадаадад сурталчилах, гадаадын аялал жуулчлалыг татах том аялал жуулчлалын бүтээгдэхүүн юм. Тийм учраас манай байгууллага ЮНЕСКО-ийн үндэсний комисстой хамтран ажиллаж дээрх ажлуудыг хэрэгжүүлэн, боловсон хүчнээ чадавхжуулж, төлөвлөсөн ажлуудаа олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн зохион байгуулах, ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдсэн Монгол наадмыг дотооддоо хөгжүүлэн гадагш нь сурталчилах ажлыг хамтран хийхээр болж байгаа юм.” гэв.

Дараа нь ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга хэлэхдээ:

“ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс “Монгол наадам цогцолбор”-той өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа. Энэ өдөр манай хоёр байгууллагын хувьд хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал өдөр байлаа. ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн конвенцэд Монгол улс 2005 онд элсэн орсон байдаг. Уг конвенцэд манай улс 13 соёлын биет бус өвийг бүртгүүлсэн байдаг. Энэ 13 биет бус өвийн дотор Монгол наадмыг бүртгүүлсэн байдаг. Эдгээр соёлын өвүүдийг олон нийтэд таниулан сурталчилах түгээн дэлгэрүүлэх, цаашид хөгжүүлэх, бас устаж үгүй болж буй өвүүдийг цаашид хадгалан хамгаалах үүргийг Монгол улс хүлээдэг. Энэ үйл хэргийг цаашид хөгжүүлэхийн тулд Монгол наадам цогцолбортой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байгаа. Санамж бичгийн гол зорилго минь эдгээр соёлын бус биет өвүүдийг дотооддоо болон гадаадад сурталчилах үйл ажиллагааг хамтарч хэрэгжүүлнэ. Мөн Монгол наадам цогцолборын боловсон хүчнийг чадавхижуулах, сургах, соёлын өвийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх тал дээр хамтарч ажиллана. Энэхүү үйл явдалд хамтран оролцсон бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүддээ талархал илэрхийлэе!” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *