“МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР” ОНӨТҮГ-ЫН АЖИЛЧИД ЦАС ЦЭВЭРЛЭЛЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлийн төр захиргааны болон төрийн үйлчилгээний байгуулллага, хувийн хэвшил, иргэдийг 11 дүгээр сарын 19, 20-ны амралтын өдрүүдэд цас цэвэрлэж, зам талбайн хальтиргаа гулгааг арилгах уриалга гаргасан. Энэ дагуу өнөөдөр хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нараар ахлуулсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НИТХ болон Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын удирдлага, ажилтнууд гудамж талбайн цас цэвэрлэлээ.
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын хувьд Их тойруугийн Гэсэр сүмийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх 2520 м2 талбайн явган хүний замын цас мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгааг арилгасан юм.
Манай байгууллагад хуваарилагдсан Гэсэр сүмийн засмал замын зүүн талын явган хүний замыг хариуцаж цэвэрлэхэд зарим хэсэгт мөстсөн, замын ихэнх хэсгийн цас нь тагтаршиж, хатуурсан байсан нь цэвэрлэгээний ажилд бага зэргийн хүндрэл учруулж байсан. Мөн явган хүний зам дээр иргэд автомашинаа байршуулж тавьсан байсан бөгөөд шаардлага тавихад гарч ирж автомашинаа холдуулахгүй байх, утсаа авахгүй байх зэргээр цэвэрлэгээний ажилд хүндрэл учруулж байсан.
Мөн энэ өдрүүдэд мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаж, нийслэлийн аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх газраа цэвэрлэж байгаа эсэхэд хяналт тавьж байсан.
“Цаашдаа ч цас нэмж орох төлөв байгаа учраас өнөөдөр хуваарилж авсан гудамж талбайгаа төр захиргааны байгууллагууд дахин цэвэрлэхэд бэлэн байх учиртай” хэмээн НЗДТГ-аас мэдээллэж байна.
Нийслэлийн зам, гудамж талбайд хальтиргаа гулгаа нэмэгдсэнтэй холбоотойгоор зам тээврийн осол болон хальтирч унаж, бэртэх тохиолдол нэмэгдэж байгаа тул аж ахуйн нэгж, иргэдийг үүргээ ухамсарлаж, хотынхоо гудамж талбай, орчны газартаа аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэн орчны цасаа цэвэрлэхийг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын хамт олноос уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *