“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГазрын дарга Н.Батсүмбэрэл Монголын Үндэсний Жороо Морин Спортын Холбооны тэргүүн Д.Эрдэнэхуяг нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн гол зорилго нь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, Монголын өв соёлын нэг хэсэг болсон жороо морины уламжлалт соёлыг хадгалах, орчин үеийн шинэчлэлийг шингээн залуучууддаа өвлүүлэн үлдээх, Хүй долоон худагт жороо морины цэнгэлдэх хүрээлэн байгуулан ард түмэндээ сурталчилах зорилготой юм.
Арга хэмжээний дараа “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэл хэлэхдээ:
“Монгол соёлын нэг хэсэг болсон жороо морины соёлыг хадгалах, ард түмэндээ түгээх ажлыг мэргэжлийн холбоотой нь хамтран зохион байгуулах гэж байгаадаа баяртай байна. Олон нийтийн оролцоотой мэргэшсэн төрийн бус байгууллагын хувьд өнөөдрийн байгуулсан санамж бичгийн хүрээнд идэвхи санаачлагатай хамтран ажиллана гэж найдаж байна. Манай байгууллагын хувьд та бүхэнтэй бүхий л бололцоогоороо хамтран ажиллана. Жороо морийг ард түмэнд түгээх, морины алдартнуудыг сурталчилах, зориулалтын цэнгэлдэх хүрээлэн байгуулан олон нийтийг татах, холбоотой хөшөө дурсгалыг барих зэрэг олон сайхан ажлыг хамтран хийхийн төлөө хичээн ажиллана” гэв.
Дараа нь Монголын Үндэсний Жороо Морин Спортын Холбооны тэргүүн Д.Эрдэнэхуяг хэлэхдээ:
“Манай байгууллагын хувьд энэхүү санамж бичгийг жороо морин спортыг Ази болон Монгол туургатанд хөгжүүлэх маш өргөн хүрээтэй санамж бичиг боллоо гэж бодож байна. Бидний зүгээс Хүй долоон худгийг сонирхогчдын түвшинд жороо морин спортыг хөгжүүлэх хамгийн тохиромжтой газар гэж үзэж байгаа. Тиймээс жороо морины цэнгэлдэх хүрээлэнг хүүхэд залуучуудад зориулсан аюулгүй, сонирхогчын түвшний стандарттай байлган, олон нийтийг өргөн хэмжээнд татан хөгжүүлнэ гэж бодож байна” гэв.