2015 оны 01 сарын 08 өдөр дугаар А/01 Улаанбаатар хот
Шилэн дансны тухай
хуулийн хэрэгжилтийн талаар авах
зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 69 дүгээр зүйлийн 69.3, Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Засгийн газрын 2014 оны 384 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын 2015 оны санхүүгийн жилийн анхны дансны гүйлгээ хийгдэх хугацаанаас эхлэн шилэн дансны мэдээллийг холбогдох хууль, журмын дагуу байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт байршуулж, ажиллахыг нийслэл, дүүргийн бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг болгосугай.
2. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг нийслэл, дүүргийн хэмжээнд зохион байгуулахад дараах хяналт шалгалтыг тогтмол хэрэгжүүлж, ажиллахыг нийслэл, дүүргийн Дотоод аудитын албанд үүрэг болгосугай.
2.1.Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сар бүр гаргаж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал, Дүүргийн Засаг дарга нарт танилцуулах,
2.2.Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн нэгдсэн шалгалтыг хагас, бүтэн жилээр тогтмол зохион байгуулж, тайлагнах,
2.3.Шаардлагатай нөхцөлд түүвэрчилсэн, хэсэгчилсэн хяналт, шалгалтыг зохион байгуулах.
3. Нийслэл, дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн төсөв, төсвийн гүйцэтгэлийн мэдээлийг шилэн дансны цахим хуудсанд байршуулж, ажиллахыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсүүдэд үүрэг болгосугай.
4. Шилэн дансны цахим хуудас, мэдээллийн самбарт мэдээлэл тавих хугацаа, хариуцах албан тушаалтны жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
5. Шилэн дансны нэгдсэн цахим хуудаснаас нийслэлийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газруудын төсвийн мэдээллийг түүвэрлэх, нэгтгэх нэгдсэн мэдээллийн систем хөгжүүлэх, цаашдын аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг хангах, нийслэлийн хэмжээнд шилэн дансны системд шилжих ажлыг удирдан зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
6. Шилэн дансны тогтолцоонд шилжихтэй холбогдуулан шаардагдах сургалтыг 2014 оны 01 дүгээр сарын 15–ны дотор нийслэл, дүүргийн бүх шатны төсвийн шууд захирагч нарт зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, нийслэлийн Дотоод аудитын алба /Д.Нацагдорж/ – нд тус тус даалгасугай.
7. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох саналыг тухай бүрт боловсруулж, нийслэл, дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагч, Засаг дарга нарт танилцуулж ажиллахыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нарт үүрэг болгосугай.
8. Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавин ажиллаж, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ