
Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжаар газрын давхцлын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг Хотын Ерөнхий менежерээр ахлуулан байгуулсан. 2017 оноос өмнө БХБЯ-ны дэд сайдаар ахалсан ажлын хэсэг байгуулагдаж байсан боловч газрын давхцлын асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна.
Хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг нийт 17 удаа хуралдаж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд 4 удаа танилцуулж дараах асуудлыг шийдвэрлэсэн. Нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт хамаарах 551га газрын асуудлыг шийдвэрлэж гэрчилгээ олгогдсон. Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт хамаарах 12031га газраас 2006га газрыг улсын тусгай хэрэгцээний газраас чөлөөлж, шинээр 449га газрыг нэмэх байдлаар нийт 10474га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Төв аймгийн Засаг дарга, Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Аргалант сумын Засаг дарга, хурал, газрын албаны удирдлагуудтай олон удаа уулзсны үр дүнд 2019.06.13-ны өдрийн 5 дугаар тогтоолоор газрын давхцлын асуудлыг арилгасан.
Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXX хуралдаанаар Нийслэлийн 551 га газраас солбилцлын цэгийн өөрчлөлтөөс хамаарч 4га газар хасагдаж, 18,88га газрыг нэмж нийт 565,8га газрын хилийн цэсийг тогтоож НИТХ-аар хэлэлцүүлж дэмжүүллээ. Аймаг, нийслэлийн иргэдийн хурлын шийдвэрийг өнөөдөр БХБЯ-нд хүргүүлж улмаар Засгийн газрын хуралдаанд энэхүү тогтоолын өөрчлөлтөд оруулахаар бэлэн боллоо. Мөн тус ажлын хэсэг Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг шинэчлэн батлууллаа.
Ингэснээр тус газрыг хамгаалалтанд авч, бичиг баримтыг 100 хувь цэгцэлснээр ирээдүйд Монголын үндэсний өв соёлыг олон нийтэд сурталчилсан томоохон цогцолбор их бүтээн байгуулалтыг хийх боломжтой болж байгаа юм.