“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээн “Хүй долоо худаг”-т болно

“Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн 23 дахь удаагийн тэмцээнийг энэ сарын 8-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.

Тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэсэн дөрвөн ангиллаар зохион байгуулах аж.

Оролцогчдын гүйх зай нь 3, 5, 10, 21 км бөгөөд зай тус бүрт эхний гурван байранд орсон тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах гэнэ.

Хамгийн холын зай болох 23 км-т түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг хурдан удмын даагаар шагнах аж. Энэ жилийн тэмцээнд зургаан улсын гурван мянга гаруй тамирчин, гүйлт сонирхогч, оюутан, сурагч оролцоно.

Монгол Улсын соёл, онгон байгаль, зан заншлыг сурталчлах, хөнгөн атлетикийн спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх, хүүхэд залуучуудын бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, шилдэг тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор зохион байгуулагддаг “Тал нутгийн Монгол” олон улсын марафон гүйлтийн тэмцээний үеэр соёл, урлаг, нийтийн үйлчилгээ, мэдээлэл сурталчилгааны олон арга хэмжээ зохион байгуулагдана гэж албаны хүмүүс онцолж хэлсэн юм.

Энэ удаагийн “Тал нутгийн Монгол” марафон гүйлтийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын хөнгөн атлетикийн холбоо, ерөнхий ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, “Candy” цахим мөнгө, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын үндэсний олимпийн хороо, Төв аймгийн ЗДТГ болон бусад холбогдох газрууд хамтран ажиллах гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *