Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр наадам өнгөрсөн бямба гарагт Хүй долоон худагт боллоо. Нээлтийн арга хэмжээг УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж, өнгөр дэлгэр наадам болж өндөрлөлөө.
Ойн баярын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөх барилдснаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Аваргууд” клубын бөх, Улсын аварга Э.Оюунболд долоо даван түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлээ.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Сүлд” бие тамир спортын хороо, “Монос” группийн бөх, улсын арслан Ц.Содномдорж, Булган аймгийн Бүрэнхангай сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх, улсын начин Д.Тамир нар шалгарсан юм.
Ташрамд дурдахад, жил бүрийн наймдугаар сарын эхээр Улаанбаатар төмөр замын баяр наадам “Хонхор” өртөөнд болдог бөгөөд бөхчүүд олноор оролцон барилддаг байна. Өнгөрсөн жилүүдэд зөвхөн УБТЗ-д ажилладаг бөхчүүдийн дунд уг наадмыг зохион байгуулдаг байсан бол энэ жилээс бусад улс, аймгийн цолтой бөхчүүдэд нээлттэй зохион байгуулахаар болсон нь энэ юм.