Төвийн бүсийн хурдан морины уралдаан энэ сарын 12-нд Хүй долоон худагт болно

Монголын морин спорт, уяачдын холбооны санал, санаачлагын дагуу уламжлал ёсоор зохион байгуулагддаг бүсийн уралдааны тов байршлийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хурлаар тогтоосон билээ. Үүнд, Төвийн бүсийн хурдан морины уралдааныг Улаанбаатар хот, Хүй долоон худагт тавдугаар сарын 12-ны өдөр, Монголын уяачдын баяр, шигшмэл хурдан морьдын “Их хурд-VIII” уралдааныг Улаанбаатар хот, Хүй долоон худагт долоодугаар сарын 20, 21-нд, Зуны төвийн бүсийн хурдан морины уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн хурдан морины уралдааныг Хөвсгөл аймагт, Баруун бүсийн хурдан морины уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн хурдан морины уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн хурдан морины уралдааныг Өмнөговь аймагт, Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 380 жилийн ойн зуны бүсийн уралдааныг долоодугаар сарын 28, 29-ний өдрүүдэд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

2019 онд зохион байгуулагдах дээрх есөн том уралдаан наадмыг Монголын морин спорт, уяачдын холбоог зохион байгуулахыг Засгийн газраас даалгасан. Иймд Монголын морин спорт, уяачдын холбоо энэ сарын 12-ны өдөр зохион байгуулагдах Төвийн бүсийн хурдан морины уралдааныг энэ холбоог үүсгэн байгуулагч, санаачлагчдын нэг Г.Пунцагбалжир агсны нэрэмжит болгон зохион байгуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

“Төвийн бүсийн хурдан морьдын уралдааныг их нас, соёолон, эрлийз дунд насны ангилалаар уралдуулахаар шийдвэрлэж, уралдах морьдыг Монголын морин спорт, уяачдын холбооны VII их хурлааас гаргасан шийдвэр, тус хурлаар батлагдсан “Хурдан морины уралдааны дүрэм”, “Г.Пунцагбалжир агсны нэрэмжит Төвийн бүсийн хурдан морины уралдааны журмын дагуу зохион байгуулна” гэж ММСУХ-ноос өнөөдөр /05.09/ мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *