Энэ сарын 10-12 ны өдрүүдэд “Соёлын биет бус өвийн их наадам”, “Үндэсний спортын VI их наадам”-ыг хамтатган “Нүүдэлчин Монгол” наадам нэрийн дор Хүй долоон худагт амжилттай зохион байгуулагдлаа.
“Нүүдэлчин Монгол” наадам нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчилах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд соёлын биет бус өвийн зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготойгоор зохион байгуулагдсан юм.
Тус наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 орчим үндэсний спортын тамирчид цугларан Хүй мандлын зүлэг ногоон дэвжээнд нутаг нутгаараа отоглон бууж хүч чадал, оюун ухаан, авьяасаа билэг, ур чадвараа гайхуулан 3 өдрийн турш өрсөлдөж шилдэгүүдээ тодрууллаа. Наадмын үндэсний спортын төрөлд нийлбэр дүнгээр Орхон аймаг, соёлын өвийн төрлөөр Өмнөговь аймаг тус тус түрүүлсэн байна.
Мөн соёлын биет бус өвийн таван ай савын хүрээнд мартагдсан өвийг сэргээсэн, язгуур хэв намбыг хадгалсан, өвийн ур чадварын гүйцэтгэлийг өндөр түвшинд үзүүлсэн өвлөн уламжлагчдад болон соёлын биет бус өвийн их наадмын үеэр зохион байгуулах үндэсний спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон оролцогчдыг Их наадмын зохион байгуулах хорооноос болон дэмжигч байгууллага, ивээн тэтгэгчдийн зүгээс шагнал урамшууллыг олгожээ.