Аварга, арслангуудыг өвдөг шороодуулсан, 17 насандаа сумын заан цол хүртсэн М.Баяржавхлан

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болсон.

Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Атар трейд” ХХК, АПУ ХК, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа хүртлээ. Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-034 анги, Тайж групп, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Мягмардоржийн Баяржавхлан анх удаагаа үзүүрлэв.

Барилдааны онцлох бөх яах аргагүй М.Баяржавхлан байлаа. Тэрбээр, нэгийн даваанд О.Мөнх-Эрдэнэ харцагыг, хоёрын даваанд С.Сүхбат зааныг, гурвын даваанд Э.Даш харцагыг, дөрвийн даваанд О.Хангай аваргыг, тавын даваанд Ц.Бямба-Отгон арсланг, зургаагийн даваанд Б.Бат-Өлзий зааныг тус тус өвдөг шороодуулсан юм.

Аймгийн арслан М.Баяржавхлан сумын заан цолтойгоосоо бөх сонирхогчдын хараанд өртөж байжээ. Тодруулбал, аймаг, цэргийн начин болон сумын заануудын дундах “Алдарын цом” тойргийн барилдаанд удаа дараа түрүүлж байжээ.

Мөн 17 насандаа сумын заан цол хүртэж, 19 насандаа цолоо баталж, 20 насандаа баруун бүсийн уралдаанд зориулсан аймгийн цол олгох барилдаанд шөвгөрснөөр аймгийн начин цол хүртжээ. Харин одоо Аймгийн арслан цолонд хүрч, улсын цолтонтой эн чацуу дээгүүр барилдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *