“МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР”-ЫН ГАЗАР ГЭРЧИЛГЭЭТЭЙ БОЛОВ

“Монгол наадам” үндэсний спорт цогцолбор байгуулах улсын тусгай хэрэгцээний газарт газрын гэрчилгээ олгов. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 456-р тогтоолоор Хүй долоон худаг дахь 12582 га газрыг “Монгол наадам цогцолбор”-ын бүтээн байгуулалтанд зориулан улсын тусгай хэрэгцээнд авсан байдаг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 551 га газрын гэрчилгээг “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын нэр дээр гаргах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гаргалаа. Улсын тусгай хэрэгцээний газар гэрчилгээтэй болсноор Хүй долоон худагт хийгдэх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд хэрэгжих боломж нээгдэж. Хүй долоон худаг дахь улсын тусгай хэрэгцээний газарт иргэн, аж ахуйн нэгжид газар давхардуулан олгосон зөрчлийг Нийслэлийн засаг даргын А/890-р захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 3 удаагийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу арилгаснаар улсын тусгай хэрэгцээний газар гэрчилгээжив. Хүй долоон худаг нь Улаанбаатар хотын баруун зүгт, хотын төв цэгээс 35 км-ын зайд байрладаг. “Монгол наадам цогцолбор” нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд 35 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж үндэсний их баяр наадмыг нэг доор хийх, 2030 онд олон улсын чанартай тэмцээн уралдаан, 2040 онд олимпийн наадам хүлээн авах зорилготой ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *