ЦАМЫН БҮЖИГ ЗУРГААН ЦАГ ҮРГЭЛЖЛЭВ

Даншгийн эхний өдөр болсон гол арга хэмжээ нь цам харайх ёслол байлаа. Уг ёслолын цамын бүжиг тасралтгүй зургаан цаг үргэлжилсэн. Энэ нь өмнөх жилүүдийнхээс хоёр дахин удаан үргэлжилсэн гэсэн үг. Цамын үеэр Очирваань бурхан, Цагаан өвгөн, мөн нийслэлийг хүрээлэх дөрвөн уулын эзэн болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнийг үзүүллээ. Цам харайх зан үйлийн утга учрын талаар Гарма Гаржүд Үржин Пэрэнлайлин хийдийн хамба лам Д.Тайвансайханаас тодруулахад “Даншиг наадмын хамгийн гол үйл бол цам харайх. Үүнийг үзсэн хүн бүтэн жилдээ хийморьтой, эрүүл саруул, элбэг хангалуун байдаг гэсэн бэлгэдэлтэй. Анх цөөн хүн бүжиглэдэг байсан бол өдгөө олон хүн цам харайж байна. Бас энэ жил нэлээд өргөн хүрээг хамарч, олон цаг бүжиглэлээ” гэв.

НААДАМЧИД ЭНЭ ЖИЛИЙН ӨНГИЙГ ШИНЖЛЭЭ Цам харайх ёслолын чухал хэсэг болох цагаан өвгөний хувцас, хэрэглэлийг энэ удаад монголжуу төрхтэйгөөр урласан нь наадамчдад таалагдаж, сонирхлыг нь төрүүлж байлаа. Цагаан өвгөн байгаль дэлхий ган зудгүй, хүн зон өвчин зовлонгүй,сайн сайхан байгаасай гэдгийг үйл хөдлөлөөрөө илэрхийлдэг аж. Зарим үзэгч цагаан өвгөний явдал хөдөлгөөнөөр тэр жилийнхээ өнгийг шинждэг заншил ч байдаг гэнэ. Тухайлбал, зөөлөн намдуу бүжиж буй нь энэ жил сайхан тогтуун жил болох учиртайг бэлгэддэг гэж үзэгчид хоорондоо ярилцаж байв. Харин хурдан түргэн бүжиж байвал тэр жил нь цаг агаар тогтворгүй болдог хэмээн шинждэг аж.Наадам үзэхээр төвөд болон буриад лам нар иржээ. ОХУ-ын Буриадаас гэхэд 20-иод лам ирж үзэж буйтай таарав. Монголоор сайн ярьдаг хоёр ламтай уулзахад “Бид 2000 км зам туулж ирсэн. Энд ирээд монгол лам нартай ном хаялцлаа. Бид анх удаа Монголд ирж байна. Даншиг үзэх гэж л ирсэн. Сайхан санагдлаа. Танай улсаас манай Итгэлт хамбад мөргөхөөр олон хүн зорьж ирдэг. Дараа жилийн даншгаар дахиж Монголд ирнэ” гэлээ.Буриад лам нар улаан хүрэн дээл, улаан орхимж өмсдөг аж. Тэднээс монгол ламын хувцас шар дээлэн дээр улаан орхимж өмсдөгөөрөө ялгарч байв.Шашны дээд сургуульд суралцдаг лам нар даншгийн үеэр эрдэм мэдлэгээ уралдуулж, ном хаялцлаа. Тэд Чойрын номын мэтгэлцээн, балин урлах болон унзад голч нарын тэмцээн зохиосон юм. Тэгвэл даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 бөх зодоглолоо. Тэр дундаа Өвөр Монгол, Буриад, Тувагаас 64 бөх ирж оролцсон нь онцлог байв. Наймын даваанд Архангайн Батцэнгэл сумын харьяат, “Бөх билэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Г.Ганжадыг өвдөг шороодуулж, даншгийн арслан цолтон боллоо. Энэ удаа үзүүрлэсэн Г.Ганжад даншгийн заан цол хүртэв. Мөн хурдан морьдын уралдаан болсон. Их насны морьдын уралдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Д.Төгсбаярын хээр морь түрүүллээ.Үндэсний сур харваанд цэц сорьсон эрэгтэйчүүдээс Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, улсын тод харваач Б.Энхтүвшин 40 сумнаас нэг ч алдалгүй түрүүлж, эмэгтэйчүүдээс аймгийн мэргэн М.Баярмаа тэргүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *