ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД НЭГДЭВ
Даншиг наадмаар энэ жил анх удаа олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. “Нүүдэлчдийн нийслэл” нэртэй энэ хуралд Монгол, Тува, Халимаг, Буриад, Өвөр Монгол, Казахстан, БНСУ, ХБНГУ зэрэг 10 улсын эрдэмтэд оролцов. Мөн өдгөө олон улсын залуу монгол судлаачдын сургалтад оролцож буй 30 судлаач ирлээ. Даншиг наадмын учир холбогдол, агуулга, үүсэл, хөгжил, цамын талаар илтгэлүүдийг уг хурлаар хэлэлцүүлсэн. Түүнчлэн нүүдэлчдийн хотын онцлог, бурхны шашны соёл, зан үйлийн талаар ч танилцуулж байлаа. Тухайлбал, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор О.Батсайхан “Монголын буддын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтын институц ба Бат оршил өргөх ёслол”, доктор, профессор С.Дулам “Хүрээ дөрвөн уулын тахилга”, ХААИС-ийн багш, доктор Б.Лхагвадорж “ЮНЕСКО-гийн ивээл дор нүүдлийн соёл иргэншлийг судлах” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ч.Бямбажаргал “Энэ удаагийн даншиг урьд жилүүдийнхээс өргөн хүрээнд болж байна. Гадаадын жуулчдад зориулж танилцуулга материалыг англи хэлээр хэвлэж, тараалаа. Энэ жил бусад улс орны шашны төлөөлөл ирж оролцсон нь онцлогтой байлаа” хэмээн тодотгосон юм.
2023-08-07