2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж, баталсан. Ингэснээр Үндэсний их баяр наадмыг долдугаар сарын 10-наас эхлүүлж, долдугаар сарын 15-ныг дуустал бүх нийтээрээ зургаан хоног амрах хууль мөрдөгдөж эхэлжээ.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Жамъянхүүгээс тодруулахад “2022 оны зургаадугаар сарын 28-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж үндэсний их баяр наадмыг долдугаар сарын 10-наас эхлэн бүх нийтээрээ амарч, тэмдэглэхээр баталсан.
Ингэснээр Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд буюу нийт зургаан хоног амарч, тэмдэглэхээр хуульчилсан юм.
Үндэсний их баяр наадам нь улсын, аймаг, сумын гэж хоёр хуваагддаг. Долдугаар сарын 10, 11-нд аймаг, сумын, нийслэлд төв цэнгэлдэхэд улсын баяр наадмыг долдугаар сарын 11, 12, 13-ны өдөр хийх юм. Долдугаар сарын 14, 15-нд иргэд амарна гэж ойлгож болно. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд наадмаар буюу долдугаар сарын 10-15-ны өдрүүд нийтээр тэмдэглэх баярын өдрүүд гэдгийг л зааж өгсөн.
Уг хууль 2022 оны долдугаар сарын 8-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Өмнө нь долдугаар сарын 10-н ажлын өдөр байв.
Нийтээр тэмдэглэх баярын өдөр бүх нийтээрээ амардаг бол нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрөөр амардаггүй” гэсэн мэдээллийг өглөө. Өнгөрсөн жилийн хувьд долдугаар сарын 10-н Ням гарагт таарч байжээ.
Тэгэхээр энэ жил наадмын албан ёсны амралт Бямба, Ням гарагийн амралтын өдөртэйгөө нийлээд долдугаар сарын 17-ныг хүртэл үргэлжлэх нь.