Хөдөлмөрийн тухай хуульд долдугаар сарын 10-ныг бүх нийтийн амралтын өдөр гэсэн заалт оруулахыг байнгын хорооны гишүүд дэмжлээ

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцжээ.

Тодруулбал Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-нд бүх нийтээр амарна гэж заасан.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.6-д наадмын бүх нийтийн амралтын өдрийг 11, 12, 13, 14, 15-н гэж тэмдэглэж, 10-ны өдрийг орхигдуулсан нь зөрчил үүсгэж байгаа бөгөөд арилгах шаардлагатайг Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.

Уг асуудлыг байнгын хорооны гишүүд дэмжсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх юм.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн онцлох заалт:

Аймгийн баяр наадмын тэгш ойд 256 бөх барилдах,
Улсын баяр наадамд амжилт гаргасан бөхөд олгох цолыг тодорхой болгох,
Улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооны дүрмээр зохицуулах,
Аймгийн баяр наадамд үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхөөс допингийн шинжилгээ авах, мөн хариуцлагын механизмыг Улсын баяр наадамтай адилтган авч үзэхийг хуульд тусгасан байна.Эх сурвалж: Ikon.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *