Найруулагч Б.Анар: Нээлтийн талаар одоохондоо ярих зүйл алга

Үндэсний их баяр наадам болоход яг 13 хоног үлдлээ. Нээлтийн бэлтгэл хийгээд яг 12 хоножээ.

Тодруулбал, бэлтгэлээ зургаадугаар сарын 15-нд эхэлсэн аж. Өдгөө яг дундаа орж байгаа гэсэн үг. Тиймээс ид дундаа орж буй бэлтгэл ажлын явц хэрхэн үргэлжилж байгаа талаар мэдээлэл авч, сурвалжлахыг зорилоо.

-Бүжигчид наадмыг бэлтгэлдээ ид орж, өдрийн талыг зарцуулж байна-

Манай сурвалжлах баг 14.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьж очоод төв хаалгаар ороход хоёр хамгаалагч угтав.

Сурвалжлахаар ирсэн учраа хэлэхэд “Үндэсний их баяр наадмын комисс өнөөдөр өглөө 10.ОО цагт ирээд явсан. Цэнгэлдэхийн нөхцөл байдалтай танилцсан. Та бүхэн арай л зөрчихөж шүү. Наадмын бэлтгэл ажил өдөр бүр явагдаж байгаа. Гэхдээ цугларах цаг нь янз бүр. Өнөөдрийн тухай одоо л дөнгөж цуглацгааж байна. Өөр мэдэх юм алга” хэмээлээ.

Бидний хажуугаар хүүхэд залуус цуварч орсоор, бүжгийн бэлтгэлдээ ирж байгаа нь тэр байв. Наадмын ерөнхий найруулагчийн менежер гэх эмэгтэй “Үндэсний баяр наадмын комиссоос зөвшөөрөл аваад ирвэл бид ярилцлага, мэдээлэл өгнө. Дур мэдэж шууд мэдээлэл өгөх, ярих боломжгүй” хэмээснээс өөрийг хэлсэнгүй.

Харин хамгаалагчид биднийг 3 ноймрын “үзэгчид орох хэсэг” хаалгаар ороод дүрс бичлэг, зураг авахыг зөвшөөрөв. Ингэхэд Цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хэсэгт 200 гаруй хүүхэд, залуучууд цуглацгаажээ. Тэдний зарим нь үзэгчдийн суудалд суугаад бэлтгэлийн хувцасаа өмсөж, нөгөө хэсэг нь талбайд хэдийн гарч зогсоод байраа эзэлсэн байлаа.

Бүжигчдэд хандаж “Бэлтгэлийн хувцасаа өмсөөгүй нь гялс солиод өмсчих” хэмээн микрофоноор уриалагхан зарлах хүн СТА, продюсер, бүжиг дэглээч, найруулагч, Ш.Баасан байв. Тэрээр энэ жилийн наадмын бүжиг дэглээчээр ажиллаж байгаа нь энэ аж.

Тэд анх зургаадугаар сарын 15-нд бэлтгэлдээ гарч, 09.00-18.00 цаг хүртэл бүтэн өдөржин бэлтгэсэн гэв. “Бэлтгэл хийх хугацаа тогтмол бус. Янз бүр. Заримдаа 17.00-22.00 цаг хүртэл ч хийх үе бий. Ямартай ч өдрийн талыг бэлтгэлдээ зарцуулж байгаа” гэлээ.

-Гагнуурдаж, хөрөөдөж, хадаж, зүйж, наах тайз дэлгэцийн ажил ид өрнөж байна-

200-300 бүжигчдийн оволзсон их бэлтгэлийн хажуугаар Цэнгэлдэх хүрээлэнгийн хойд хэсэгт нь тайз дэлгэцийн засварын ажил ид өрнөж байв. Тэнд гагнуурдаж, хөрөөдөж, хадаж, зүйж, нааж, өрж, босгох ажил явагдана.

Эсгий гэрийн буйрнаас ч том дугуй хэлбэртэй гурван тайзны хоёрыг нь бүрж эхэлсэн бол, нэгнийх нь төмөр рам зангидах ажил дуусаагүй аж.

Засварын ажилд арав гаруй хүн завгүй ажиллаж харагдлаа.

Тэд ч бас “Наадам дөхөөд завсар зайгүй ажиллах шаардлага бий. Ажил яг л ид дундаа өрнөж байгааг” онцлон хэлж байв.

-Б.Анар: Одоохондоо ярих зүйл алга, бэлтгэл тодорхой болоогүй байна-

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар найруулж буй юм.Түүнтэй Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлтийн бэлтгэл дээрээ сууж байхад нь таарав. Бэлтгэл ажил хэдэн хувьтай явж буй явцын талаар мэдээлэл авах хүсэлтээ илэрхийлсэн юм.

Ерөнхий найруулагч Б.Анар: “Бэлтгэлээ зургаадугаар сарын 15-нд эхлүүлсэн. Одоо бүтэн хоёр долоо хоног байна. Юу юу ч тодорхой болоогүй байгаа тул ядаж долдугаар сарын эхээр нэгдсэн мэдээлэл өгье. Бэлтгэлийн явцын талаар одоохондоо ярих боломжгүй” гэлээ.

Ийн наадмын бэлтгэлийн 11 дэх өдөр. Төв цэнгэлдэх хүрээлэнд бүжиг дэглээч, бүжигчид, хөгжим, ерөнхий найруулагч, тайз засварчид. Бэлтгэл оволзож, буцалж байгаа гэхээргүй ч, бүр аг чиг, нам гүм бас биш байлаа.

-Өмнөх найруулагчдын чансаанд хүрэх үү. Давах уу. Хүлээлт-

Б.Анар ерөнхий найруулагчийг олон нийт одоогоор “шинэ” бас “залуу” хүн гэж тодорхойлоод байгаа. Энэ утгаараа чадах болов уу, хэрхэн найруулах бол гэсэн асуултууд үүсгэж, сонжигсод их.

Өмнөх жилүүдэд буюу:

2016, 2017, 2018 онуудад дараалан УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар

2019 онд Үндэсний урлагийн их театрын захирал, найруулагч Г.Цоггэрэл

2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа “Херо” энтертайнмент студийн захирал Б.Баатар

гэсэн хүмүүс Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. Энэ жил Б.Анарыг Н.Наранбаатар, Б.Баатар нараас давах уу, илүү зүйл үзүүлж чадах уу, чин сэтгэл үзүүлэх үү гэдэг хүлээлтүүд 13-хан хоногийн дараа тайлагдах нь. ЭХ СУРВАЛЖ:WWW.EGUUR.MN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *