ЭРИЙН ГУРВАН НААДМЫН ХАМГИЙН ЗАЛУУ ЦОЛТОНГУУД

Эрийн гурван наадам бол Монгол түмний оюун санаа, тусгаар тогтнолын томоохон уламжлал билээ. Монголын түмэн жил бүрийн наадмаар шинэ залуу үеэ илүүтэй дэмжиж улсын цолонд хүрч ард түмнээ баярлуулахыг хүсэн цай сүүнийхээ дээжийг өргөсөөр ирсэн ард түмэн юм. Энэ цаг үед ард түмнээ цэнгүүлэн байгаа эрийн гурван наадмын хамгийн залуу улсын цолтонгуудыг онцолж байна.

МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН БАДАМ-ОЧИРЫН ПУНСАЛДУЛАМ

Бадам-Очир овогтой Пунсалдулам нь 1992.01.11-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн. 1999 оны Нарийнтээл сумын ЕБС-д элсэн орж 2003 оноос анх тус сургуулийн биеийн тамирын багш Н.Ууганзаяагийн удирдлаган доор үндэсний сурын спортоор хичээллэж эхэлсэн. Хичээллэсэн жилдээ Өвөрхангай аймгийн баяр наадмын үндэсний сурын хүүхдийн харваанд түрүүлснээр амжилтын буйхаа эхэлсэн. Мөн Өвөрхангай аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд 1 удаа түрүүлэн аймгийн мэргэн цол хүртсэн. 2009 онд МУБИС-д элсэн орсноор аймгийн мэргэн, спортын мастер Б.Жалбаа багшын удирдлаган доор үндэсний сурын харваагаар үргэлжлүүлэн хичээллэж улсын чанартай тэмцээнүүдэд тогтмол оролцож эхэлсэн. Үндэсний сурын спортоор хичээллэж эхэлснээс хойш дараах томоохон амжилтуудыг гаргаад байна. Тэрээр 2015 онд улсын аварга шалгаруулах тэмцээнээр 1 мөнгө, 1 хүр.эл медаль, 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмаар 1 дүгээр байранд орж Монгол улсын мэргэн цол хүртсэн бөгөөд 2016 онд “Хүрээ цам” Даншиг наадмаар 1 дүгээр байр тус тус эзэлж байжээ.

МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ БАЯРСАЙХНЫ ЛХАГВА-ОЧИР

Дундговь аймгийн Хулд сумын уугуул Монгол улсын алдарт уяач Баярсайханы Лхагва-Очир тэрбээр 1989 оны 5 дугаар сарын 8-нд Монгол Улсын алдарт уяач Бандиагийн Баярсайханы хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Хурдан морь уяж сойх эрдмийг Хулд сумын ахмад аймгийн алдарт уяач Лхамсүрэнгийн Бяруузанагаас суралцсан. Бие даан 2006 оноос хурдан морь уяж эхэлсэн. 2015 онд Үндэсний их баяр наадам, Монгол Улсын засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанаас 1 түрүү 8 айраг авч Монгол Улсын хамгийн чансаа өндөр болон Гал бичин жилийн Монгол Улсын шилдэг уяачаар шалгарсан.
2016 онд Үндэсний их баяр наадам, Монгол Улсын засгийн газрын тогтоолтой бүсийн уралдаанаас 3 түрүү, 6 айраг хүртэж Монгол улсын чансаа өндөр уяачаар дахин тодорч Өнөө жил Монгол улсын 2016 оны шилдэг залуу уяачаар тодроод байгаа билээ.

МОНГОЛ УЛСЫН АРСЛАН ЭНХТӨГСИЙН ОЮУНБОЛД

Энхтөгсийн Оюунболд нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1993 оны 3 дугаар сарын 12 нд төржээ. Эцэг Дашдоржийн Энхтөгс нь аймгийн начин цолтой бөх бөгөөд ээж Александрын Алимаасүрэн нь малын их эмч мэргэжилтэй. Э. Оюунболд нь 2007 оноос “Аварга” дээд сургуульд Монгол Улсын начин Бүдээбазарын Адъяасүрэнгийн удирдлаганд бөхийн эрдэмд суралцаж эхэлсэн байдаг. Хэнтий аймгийн наадамд 2012 онд түрүүлэн аймгийн арслан, 2013 онд үндэсний их баяр наадмаар зургаа даван Монгол улсын харцага цолыг авч байжээ. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмаар 512 бөхөөс ес даван түрүүлэн 22 насандаа Монгол Улсын Арслан цолыг хүртсэнээр Монгол Улсын одоогийн байдлаар хамгийн залуу цолтноор тодроод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *