МОРЬ УНАХЫН АЧ ТУС

Монголчуудад тусаагүй нэг өвчин бол түрүү булчирхайн үрэвсэл байсан. Төрийн соёрхолт эмч Д.Нямсүрэн:..”Түрүү булчирхайн үрэвсэл өвчин Монголчуудад байгаагүй. Энэ нь морь унаж байсантай шууд холбоотой”…гэж тайлбарлажээ. Хорь гаруй жилийн өмнө энэ өвчин хааяа нэг өндөр настанд илэрдэг байсан. Тэгвэл одоо 40-өөс доош насныханд ч илэрдэг болжээ. Мөн нуруу бөөр, үе мөчний өвчлөл ч улам залуужсаар байна. Морь унаснаар хүний биеийн 360 гаруй үе, 400 шахам булчин нэгэн зэрэг хөдөлдөг ажээ. Тив дэлхийн хэмжээнд бэлтгэх тамирчдын өндөржүүлсэн бэлтгэлийн үед ч хүний булчин, үеүүд нэгэн зэрэг хөдөлгөөнд ордоггүй талаар мэргэжлийнхэн ярьж байна. Эрүүл мэнд талаасаа бол морь унахын ач тусыг Монголчууд бүр эртнээс ойлгож амьдрал ахуйдаа хэрэглэсээр иржээ. Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэд олон улсын байгууллагынхантай хамтран хийсэн судалгаанаас үзэхэд 35 нас хүртэлх залуу өрх 1 жилд зөвхөн мотоциклын бензинд 1,250.000 төгрөг, Мотоцикль унаснаас болж үүсэх эмчилгээний зардалд 700,000 орчим төгрөг, жилдээ хоёр орчим сая зарцуулдаг гэсэн судалгааг гаргажээ. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумынхан зөвхөн шинийн нэгний өдөр (500 орчим хүн) морио унаж золголтоо хийхэд сумын хэмжээгээр 6,000,000 төгрөгийн түлш, шатахуун хэмнэсэн тухай сумын удирдлага нь ярьж байв. Тус сумын 1000 малчин өрх малынхаа үс ноосоор гэрийнхээ бүслүүрийг хийхэд 35 сая төгрөгийг гадагшаа мяндсан олсонд биш эх орондоо үлдээдэг гэсэн тооцоог гаргажээ. Энэ бол эдийн засаг талаасаа морь унахын ач тус, монголчуудад тулгурласан амьжиргааг Монголчуудад өөрсдөд нь ойлгуулсан тооцоо судалгаа юм. Өнөөгийн Монголын хөдөөгийн малчдын дүр зураг нь айл бүрийн гадаа ачааны, суудлын машин, мотоцикль байх бөгөөд зарим айлын гадаа хоёр гурваагаа харагдана. Хэдийгээр нийгмийн хөгжил ч гэлээ илүү зардалгүй морио унаж малаа хариулах биш, мотоцикль унаж заавал илүү зардлаар мал хариулах нь хэнд ашигтай вэ? Залуучууд бол уяа руу биш унаж давхих мотоцикль руу шуудхан очдог заншил тогтсон. Хэрэв хурдан морь уяж, гүү бариагүй бол хот айлын гадаа адуу олж харахад тун бэрх болжээ. Сүүлийн 20 гаруй жил хөгжил дэвшил рүү алхахдаа Монголчууд бид унаж явсан морио сул тавьчихаад хүний машинд нөмгөн дайгдсаны жишээ бол энэ юм. Шуудхан хэлэхэд бид үндэсний үнэт зүйлсээ орхиж, бусдаас ялгарах байдал, өв соёлоо гээсний нэг жишээ бол морио унахаа байсан. Хотын төвийн таван сургуулийн 9-12 насны 300 хүүхдийн дунд судалгаа явуулахад “Би монгол хүн, эрүүл мэндэд тустай, Зүгээр сонирхдог” гэсэн 3 хувилбараар саналаа өгсний 95% нь Би монгол хүн учир морио унах ёстой гэсэн хариултыг өгсөн байдаг. Морьтны соёлын үзүүлбэргүй шахам нийслэлд маань хэдхэн тооны морьтой хөшөөг эс тооцвол морь унуулах газар, орчин байдаггүй. Би монгол хүн учир морио унах ёстой гэсэн тэр хүүхдүүдэд морь унах боломж, орчныг хаана, хэн бий болгох вэ гэсэн асуулттай суурингийн бид тулгарч байна. Хүн зэрлэг амьтныг гаршуулж, гэршүүлсэн 3 том голомт байна гэж эрдэмтэд тогтоосон байна. Энэ гурван голомтын нэг нь яахын аргагүй төв Азийн тэгш өндөрлөг буюу одоо бидний амьдарч байгаа Монгол нутаг юм. Дорнод монголын талаас 2000 жилийн өмнөх олдвор, Алтайн нурууны нэгэн агуйгаас барагцаалбал 3000 орчим жилийн үед хамаарагдах бидний одоо хэрэглэж буй дээсэн жолоо олджээ. Тэгэхээр бидний өвөг дээдэс таван хошуу мал түүний дотроос адууг унаж, эдэлж амьдрал ахуйгаа товхнуулахаас эхлээд төр улсаа байгуулсан их түүхээр өнөөдөр бид бахархаж суугаа. Дэлхийн олон үндэстнүүдээс бидний ялгарч харагдах цөөхөн үнэт зүйлийн нэг нь морьтой холбоотой түүх, морьтой бүтээсэн үйл хэрэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *