МОНГОЛЫН ЭРИЙН ГУРВАН НААДМЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Монголчууд хүлэг морины шандасыг шалгаж, хурдан морины уралдаан, монгол бөхийн чадал, уран мэхийг угсруулан барилдах бөхийн барилдаан, Эрхий мэргэн харваачид нь эрхийн эрчийг сорьдог энэ бүгд байж эрийн гурван наадам болдог. Аливаа улс үндэстний нийгэм, аж байдлын дурсгалын үйлийг тэмдэглэн өнгөрүүлэх нийгмийн их ёслол нь тэр ард түмний баяр наадам болдог билээ. Монголын ард түмэн дэлхийн бусад иргэдийн адил өөрсдийн аж амьдрал, нийгэм соёлын онцлогийг тусгасан баяр наадмыг үүсгэн хөгжүүлсээр иржээ. Олон мянганы тэртээгээс Монгол газар, төр улс үүсгэн тогтнож нийгэм, төрийнхөө онцлог явдлыг тэмдэглэн заншжээ. Тийнхүү Монгол туургатны эрхэмлэн ёсолж ирсэн нэгэн гол баяр нь эрийн гурван наадам билээ. Монгол хүн хүлэг морины шандасыг шалгаж, эр хүний биеийн чадал, эрхийн эрчийг сорьдог өвөрмөц наадмаар наадсаар өнөөдрийн он цагтай золгожээ. Монголчуудын наадам, баяраа тэмдэглэж байсан тухай мэдээ хоёр мянган жилийн тэртээ үед хамаарах бөгөөд Монголын өвөг болох Хүннү улсын цагаас морь, тэмээ уралдуулж, сур харвуулж, бөх барилдуулж байсан гэдэг. Тэгэхдээ наадмыг цаг улирлын байдалд нийцүүлэн үрс гаргах, уул овоо тахих зэрэг ёслолыг тохиолдуулан явуулдаг байжээ. Түүнээс хойших нь олон аймаг улс мөнхүү ёслолыг үйлдсээр иржээ. Ялангуяа Монголын нэгдсэн улс байгуулагдсан XIII зууны үеэс төрийн сүлд, цэргийн хүчнийг бүртгэн үзэхэд нум сум харвах хийгээд агт шалгаруулах ялдамд цэрэг эрийн хүчийг сорих наадмыг хийж байсан гэдэг. Тэр цагийн гол баяр нь дөрвөн улирлын байдалд нийцсэн хаврын сард тохиох цагаан сүргийн хурим, зуны сард болох уураг үрсийн хурим, өвлийн сард болох мялаалгын хурим зэрэг баяр байсан бөгөөд тухайн хурим тохиох үеэр л мөн эрийн гурван наадмыг наадаж байсан байжээ. Чингээд өвлийн хурим нь явсаар цагаан сарын баяр болж бусад нь дэлгэр цагийн ёслол болжээ.

1 Х.Нямбуу: “Өвөөгийн өгүүлсэн түүх” 65 дахь тал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *