Улс, аймаг, сумдын наадмыг ирэх сарын 11-12-ны хооронд нэгэн зэрэг зохион байгуулна

Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж “Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний Их баяр наадмын” бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, ирэх долоодугаар сарын 11-12-ны өдрүүдэд Үндэсний Их баяр наадам орон даяар буюу аймаг сумд, нийслэлд нэгэн зэрэг болохоор боллоо.

Нийслэлд зохион байгуулдах Үндэсний их баяр наадмыг хүн амын бөөгнөрөл үүсгэхгүйгээр бөх, сурын харвааг “XIII зуун цогцолбор” газарт хийж, хурдан морины уралдааныг “Хүй долоон худаг”-т хийж, теле хэлбэрээр үзэгчдэд үзүүлэхээр болсон бол орон нутгийн наадмыг ард иргэддээ нээлттэй зохион байгуулахыг ҮИБНЗБХ-оос аймаг, сумын засаг дарга нарт зөвшөөрлөө. Энэ дагуу тухайн орон нутгийн удирдлагууд нутгийн баяр наадмаа зохион байгуулахдаа улс орон даяар сахин мөрдөж байгаа КОВИД19-ийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллахыг үүрэг болгов.

Үндэсний их баяр наадмыг теле хэлбэрээр Телевизүүдийн холбооны өргөн нэвтрүүлгийн 16 телевиз, болон МҮОНТ-үүд техник технологийн дэвшил, өндөр хурдны интернетийн сүлжээний тусламжтайгаар тасралтгүй, шууд дамжуулан үзүүлж, наадамчин олондоо хүргэх юм. Харин бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд мөн шууд дамжуулалтын шугамаас хүлээн авч дахин дамжуулахад нээлттэй байхаар шийдвэрлэжээ.

Энэ жилийн Үндэсний Их баяр наадмыг бүхэлд нь “Монгол наадам” контент болгон боловсруулж, Олон Улсад аялал жуулчлалын бренд бүтээгдэхүүнээр түгээн сурталчлах видео бүтээл болгож авч үлдэх юм. Иймд Монголчуудын төрт ёсны уламжлал, үүх түүх, эрийн гурван наадам, ард иргэдийн хувцас хэрэглэлийн соёл, ахуй нөхцөл, гэр бараа зэргийг Их Монгол Улсын үеийнхээр үзүүлэхээр дэглэн найруулж байгаа аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *