Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадам өнөөдөр урианхай сурын харваагаар эхэлнэ.
Тус харваанд 340 гаруй харваач бүртгүүлсэн байна.
Урианхай сурын харваанд зөвхөн эрчүүд оролцоно. Урианхайчууд хаврын тэргүүн сарын шинийн 15-нд үзүүрийг нь нийлүүлж боосон гурван модонд үхрийн шир тэлж татсан байг 50 орчим метрийн зайнаас харвадаг байжээ. Эдүгээ наадмын төрөл болсон бөгөөд үхрийн ширэн байг сураар орлуулан тавьж оролцогч тус бүр дөрвөн сум тавьж цэц мэргэнээ сорьдог. Тэрхүү суран байг “чих” хэмээнэ. Эхний чихийг “магнай” гэж нэрлэн, ономогц “магнай хагарлаа” хэмээн уухайлдаг. Хоёр дахь сурыг “тэгнээ”, гурав дахийг “ганзага”, дөрөв дэхийг “уяа” гэнэ. Эцэст нь баг, оролцогч бүр дүнгээ гаргана.
Урианхай сурыг шашны зан үйлээс үүдэлтэй гэдэг. Өнөөдөр үндэсний сурын нэг төрөл болсон урианхайн сурыг майдар эргэх ёслолын үеэр зохион байгуулдаг байжээ.