“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээг энэ жил олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын нэгний өдөр Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т зохион байгуулах гэж байна.
Үндэсний ёс зан заншлийг хүүхэд залууст сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээний үеэр хүүхдийн үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, шагайн харваа, дугуйн тэмцээн, гүйлтийн тэмцээн, хүүхдийн сагсан бөмбөгийн тэмцээн зэрэг спортын олон арга хэмжээ болохоос гадна Морь унах эдлэх Монгол ахуйн соёлыг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулах юм.
“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярт ирснээр эрүүл цэвэр агаарт өөрийн майхан асартайгаа байрлан урлагийн тоглолт үзэж нэгэн өдрийг гэр бүл найз нөхдөөрөө зориулалтын талбайд тэмцээн уралдаанд оролцож хөгжилдөн өнгөрөөхөөс гадна хамтран зохион байгуулагч байгууллагуудын шагналын эзэн болох боломжтой. Мөн энэ үеэр баярын арга хэмжээнд ирсэн хүүхдүүд дундаас супер азтанг тодруулж ивээн тэтгэгч байгууллагын шагнал гардуулна.
“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “Монголын скаут”-ын холбоо, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ, хамтран зохион байгуулагчаар “Монголын дугуй”-н холбоо, “Монголын үндэсний харваач”-дын холбоо, “Монголын Морин спорт уяач”-дын холбоо, “Монголын сагсан бөмбөг”-ийн холбоо, “Нийслэлийн цагдаагийн удирдах газар”, “Монголын хөнгөн атлетик”-ийн холбоо, “Нийслэлийн соёл урлаг”-ийн газар “Хуйрнан шуугигч” нэвтрүүлэг ажиллаж байна. Арга хэмжээ Хүй долоон худагт 09:30-18:30 цагийн хооронд болно.
2025-05-28